sonin.mn
Сум дундын 3 дугаар шүүхээр иргэний хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх гэж Улаанбаатар, Баянхонгор аймгийн хооронд хэдэнтээ ирж буцсан иргэн Д.Батжаргал шүүх хуралдаанд алсын зайнаас буюу онлайнаар оролцсон даруйдаа сэтгэгдлээ бичгээр гаргажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд очиж, шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэлийг мэдэрсэн тэрбээр өөрийн адил хөдөө орон нутагт шүүх хуралд оролцохоор хөрөнгө, цагаа зарлагадан чирэгдэж яваа хүмүүст мэдээлэл өгөхөөр ийнхүү ярилаа.
 
- Та ямар шалтгааны улмаас шүүхэд хандав? Онлайнаар хуралд хэдэн удаа оролцоод байна вэ?
 
- Миний бие Баянхонгор аймгийн “Сонголт трейд” ХХК-ийн захирал Д.Батжаргал компанийхаа ажилтанд холбогдох 14 сая төгрөгийн асуудлаар Сум дундын 3 дугаар шүүхэд 2014 оны есдүгээр сард нэхэмжлэл гаргасан. Шүүх үүний дагуу иргэний хэрэг үүсгэснээр өнөөдрийг хүртэл би Баянхонгор аймагт найман удаа очсон. Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг учраас шүүх хурал зарлагдах бүрт Баянхонгор аймагт очно гэдэг маш хүндрэлтэй асуудал гардаг. Хурлын тов зарлагдахад өмгөөлөгчийн хамт бүх материалаа бүрдүүлээд очихоор хариуцагч талын өмгөөлөгч ирээгүй гэдэг шалтгаанаар юм уу, эсвэл хариуцагчийн хүсэлтээр гэхчилэн ямар нэгэн шалтгаанаар хойшлогддог. Баянхонгор аймгаас ирж очиход нийтдээ 1300 км бартаатай замд маш их цаг, зардал мөнгө үрээд явах нь эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд амаргүй. Хэдий ийм дарамттай ч шүүхээ хүндлээд яаж ийгээд яваад очиход хурал хойшлогдоход үр дүнгүй хоосон буцах нь их. Энэ хэрэгтээ би мэдлэг, чадварын хувьд сайнаас нь эрэлхийлж байгаад өндөр хөлсөөр хоёр өмгөөлөгч  ажиллуулж байгаа. Ийм чирэгдлээс гарах ямар арга гарц байна гээд би эрж хайсаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд шүүх хуралд алсын зайнаас буюу онлайнаар оролцож болдгийг мэдээд, хүсэлт гаргаснаар хоёр удаа Баянхонгорт болж байгаа шүүх хуралд оролцлоо. Өнөөдөр Монголын эдийн засаг хүнд, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байгаагаас  бидний гарт ирдэг мөнгө ч хомс байна. Төр, шүүхээ хүндэлдэг иргэн миний хувьд энэ эдийн засгийн хүндрэлээс гадна хэрэг маань хэрхэн яаж шийдэгдэх бол гэсэн сэтгэл санааны болон эрүүл мэндийн байдал  ч таагүй, айж сүрдэж байлаа. Учир нь миний эрүүл мэнд ч хэвийн биш, гурван сарын эмчилгээ хийлгэх шаардлага тулгарсан нь мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийг зорьж ирэхэд бас нөлөөллөө.
 
Шүүхийн захиргааны энэ байгууллагын Мэдээллийн технологийн ажилтнууд намайг ямар нэг хүндрэлгүй ажил хэрэгчээр хүлээн авч, шуурхай үйлчилж шүүх хуралдаанд онлайнаар оролцуулж өгсөн явдалд би үнэхээр их баярлаж байна. Талархлаа би Шүүхийн ерөнхий зөвлөлд болон Мэдээллийн технологийн хэлтэст гэж бичгээр мөн гаргалаа. Над шиг маш олон иргэд хөдөө орон нутаг дахь шүүхүүдээр хэрэг маргаанаа шийдүүлэх гэж энэ мэт хүндрэлтэй тулгардгийг би мэддэг. Тэд шүүхийн  энэ сайхан шуурхай, шинэлэг үйлчилгээг мэдэж, хүртээсэй гэдэг үүднээс би ингэж ярьж байна. Төр маань бас иргэдийнхээ төлөө шударга, шуурхай үйлчилгээг бий болгож байгааг мэдэрлээ. Магадгүй үүнийг сурталчлаагүй болохоор тэр үү, мэдэхгүй хүмүүс мөнгө, хөрөнгөөрөө чирэгдээд явж байгаа. Цаашдаа ч би иргэний үүргээ биелүүлж, энэ талаархи сэтгэгдлээ ярьж, хэлсээр явах болно.
 
- Цахимаар шүүх хуралдаанд оролцоход биеэр очиж оролцсоноос ялгарах зүйл ажиглагдав уу. Цаашдаа юунд анхаармаар санагдав?
 
- Хуралд анх удаа оролцож байгаа учраас балмагдан сандрах юм бас байлаа. Би өөрөө хууль сайн судалсан учраас энэ удаад өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцлоо. Техник талаасаа дуу дүрсний хувьд харилцан аль, аль талаасаа маш сайн, ямар ч хүндрэл гацаагүй болж өнгөрлөө. Шүүгч надаас асуулт асууж, би тайлбараа гаргаад санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Яг л Баянхонгорт шүүх хуралдаанд оролцож байгаагаас ялгаагүй л санагдлаа. Магадгүй би өөрийн сэтгэгдлийг дутуу илэрхийлж байж болох юм. Шүүхийн ерөнхий зөвлөл шинэлэг сайхан үйлчилгээг бий болгож, олны хүртээл болгож чаджээ. Монгол улсын өнцөг булан бүрт байгаа бүх шүүхүүдтэй ингэж цахимаар холбогдож, ажил албаа тогтмол явуулдаг өргөн боломж нээгджээ. Энэ бол өргөн уудам нутагтай манайх шиг улсад асар хэрэгтэй дэвшил гэж үзэж байна. Мэдээллийн технологийн ажилтнууд нь эелдэг харьцаатай, чадварлаг залуучууд байна. Тэд Баянхонгорын шүүхтэй холбогдоод техникийн талаас микрофоны дууг намсгах зэрэгт заавраа өгөөд хүндрэлгүйгээр надад үйлчиллээ. Энд ажлаа хийх гэсэн, түүндээ эзэн болж байгаа хүмүүс ажилладаг юм байна. Шүүх шинэчлэгдэж байгаа тухай би мэдээлэл авдаг байсан. Цаашдаа ч улам илүү шуурхай, боловсронгуй, үр дүнтэй шинэчлэл шүүхийн байгууллагад явагдаж, миний адил тулгамдсан бэрхшээлтэй олон хүнд үйлчлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд баярлалаа. Ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
 
- Шүүхэд нэвтэрч байгаа мэдээллийн технологийн шинэчлэлээс өөр шүүхийн үйлчилгээ шүүгчтэй холбоотой сэтгэгдлээ энэ дашрамд хуваалцахгүй юу?
 
- Баянхонгор аймагт миний хариуцсан аж ахуй байдаг учраас би түүнтэй холбоотой хэрэг маргаанаа Сум дундын 3 дугаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр хэсэг хугацааг зориуллаа. Шүүхээ хүндэлдэг иргэний хувьд хөндлөнгөөс бол шүүхэд итгэдэг байсан. Өөрөө дунд нь үйлчлүүлээд ирэхэд үнэн сэтгэлээсээ ажлаа хийж байгаа олон хүмүүсийн хажуугаар цөөн хэдэн хүмүүсээс болж шүүхийн нэр хүнд доош татагддаг юм байна гэж бодогдсон. Нэр бүхий хоёр шүүгчтэй холбогдуулан шүүхийн Ёс зүйн хороонд би гомдол гаргасан. Олон хүний хүч хөдөлмөрийг ганц нэг хүн ийм байдалд хүргэж байгаа нь харамсалтай юм. Магадгүй би бичиг баримтын зөрчилтэй, чадал чансаа тааруухан хүн байсан бол хохироод л үлдэх ч байж магадгүй. Би инженер, эдийн засагч мэргэжилтэй хүн. Сүүлийн үед бараг л хуульч шиг энэ талын мэдлэгээ ахиулаад явж байна. Энэ бүхний эцэст би Монголд хууль үйлчилдэг юм байна гэсэн өндөр сэтгэгдэлтэй үлдлээ. Яагаад гэвэл би 20 жил хөдөлмөрлөж олсон хөрөнгөө алдахын даваан дээр нотлох баримтууд, өмгөөлөгчдийн чадвар, шүүхийн шударга ажиллагааны ачаар үнэн зөвөө ялгуулж чадлаа. Иргэд хууль эрх зүйн зохих мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Нөгөө талаар шүүхийн байгууллагын ёс зүй, хариуцлага бас маш өндөрт яригдах ёстойг ойлголоо. Өргөдөл гаргаад явахад жалга довны жижиг газрын амбиц бас цухалзсан л даа. Би Улаанбаатар хотод амьдардгаараа хуулиас гадуурхагдаж хохирох ёсгүй гэж тэр үед бодогдсон. Ингээд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадсаны улмаас би зохих ёсоор хэрэг маргаанаа шийдүүлээд явж байна. Монголын шударга шүүх, хуульчдын нэр төрийг ганц нэг хүний алдаанаас болж үгүйсгэж болохгүйг би ухамсарлаж байгаа.
 
- Ярилцсанд баярлалаа.
 
Ш.Отгонцэцэг