sonin.mn
Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэж байгаа талаар өчигдрөөс эхлэн шуугиж эхэллээ. Харин түүний оронд өмнө нь тус газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ш.Ганболдыг томилохоор болоод байгааг эх сурвалж мэдээлж байна. 
 
Нэгэн түүх сөхөхөд 2013 оны долоодугаар сарын 24-ны өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Ш.Ганболдыг гяндан сандал буюу “Залхаан цээрлүүлэх” сандлын асуудлаар ЦЕГ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржавыг томилж байсан юм. Ямартай ч тэрбээр цагдаагийн байгууллагад 30 шахам жил ажиллаж байгаа цагдаагийн дээд түвшний офицеруудын нэг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. Харин түүнийг ЦЕГ-ын даргаар томилогдох сураг гарсанд алба хаагчид ихээхэн баярлаж байгаа сурагтай. Учир нь түүнийг тус байгууллагад 30 шахам жил ажиллахдаа алба хаагч нарынхаа ахуй амьдрал болон амь дүйсэн хэцүү албыг өөрийн биеэр мэдэрсэн хүн учраас ЦЕГ-ын даргаар ирэхэд цаараглах зүйл байхгүй хэмээн үнэлж байгаа аж. 
 
Хэрвээ Ш.Ганболд тус газрын даргаар томилогдсон тохиолдолд нэлээд олон хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсэх нь дамжиггүй. Харин жирийн нэг офицер болон алба хаагч нарын дунд ямар нэгэн бүтцийн өөрчлөлт болон халаа сэлгээ явагдахгүй гэдгийг цагдаагийхан ам бардам хэлж байна. Мэдээж энэхүү өөрчлөлтөд хамгийн түрүүнд газар, хэлтсийн дарга нар хамрагдах нь ойлгомжтой. Тодруулбал, Р.Чингис ЦЕГ-ын дарга болсныхоо дараа өнгөрсөн оны арванхоёрудгаар сарын 05-ны өдөр зөвлөлийн гишүүдээ хуралдуулж зарим газар, хэлтсийн дарга нарыг өөрчилж байсан. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлж, хурандаа Б.Буянтөрийг томилж байсан. Мөн хурандаа Ж.Эрдэнэболдыг Гадаад харилцааны хэлтсийн даргын албанаас чөлөөлж, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга болгосон. 
 
Харин хуран­даа Б.Амгалан­­­­­баатар­­ыг Чингэл­­тэй дүүр­­гийн Цаг­­даагийн II хэлтсийн даргаар томилсон бол ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дар­­гаар хурандаа Г.Бадарчийг томил­­сон. Мөн ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, хурандаа П.Өлзийсайханыг ЦЕГ-ын Автобазын хэлт­­сийн дарга болгож, түүний оронд Банк, дипломат байгууллагын хамгаалалтын хэлтэст ажиллаж байсан Эрдэнэцацралыг томилох шийдвэрийг гаргаж байсан. Тиймээс дээрх нэр бүхий хүмүүс хамгийн эхэнд ажлаас чөлөөлөгдөх магадал өндөртэй хүмүүсийн тоонд ороод байгаа аж. Ямартай ч ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн хүн гэгддэг Ш.Ганболд тус газрын даргаар томилогдоход нэг их гайхаад байхааргүй зүйл болж байх шиг. Мэдээж энэхүү томилгоог хийж байгаа хүн нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав. Тэрбээр өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд Р.Чингисийг чөлөөлж, Ш.Ганболдыг томилох тухай бор шувуу аль хэдийнэ нисгээд эхэлсэн гэсэн үг. 
 
Харин зарим эх сурвалжуудын хэлж буйгаар сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын даргыг солихоор эртнээс зарим нэг томилгоог хийж эхэлсэн гэж байна. Тодруулбал, тэрбээр энэ сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагын хэд хэдэн дарга нарыг чөлөөлж дараах томилгоог хийжээ. Тухайлбал ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Ц.Батсүхийг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар, мөн тус газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хоёрдугаар хэлтсийн дарга Ц.Ням-Очирыг Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар тус тус томилжээ. 
Түүнчлэн Замын цагдаагийн газрын дарга асан хурандаа Ж.Буянбатыг ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар томилжээ. 
 
Өөрөөр хэлбэл, Д.Дорлигжав ажлаа авсан даруйдаа Х.Тэмүүжингийн эхлүүлсэн алдаатай шийдвэр болон зарим нэг шинэчлэлийг эхнээс нь буцаан байранд нь аваачих болно гэдгээ мэдэгдэж байсан. 
Тухайлбал, тэрбээр цагдаагийн цол хэргэмийг хуучин хэвэнд нь оруулсан. Мөн устаж үгүй болсон Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээхээр ажиллаж байгаа бол одоо Тахарын албыг үгүй болгохоор хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Ямартай ч цагдаагийн байгууллага дахь халаа сэлгээ тасралтгүй үргэжилсээр байх бололтой.
 
Эх сурвалж: