sonin.mn
“Тэнүүн Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Ерөнхий нягтлан бодогч Ариунаа нарыг өнгөрсөн лхагва гарагт АТГ-аас цагдан хорих арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, дээрх нэр бүхий хоёр хүнийг ихээхэн хэмжээний мөнгөний асуудлаас болж сэжиглэн ийнхүү Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад сулласан байна. 
Тэднийг ажлын байрандаа байж байхад нь тусгайгийн хар хувцас өмссөн 10-аад залуус нүүр амаа таглан ирсэн хэмээн ойр тойрных нь хүмүүс хэлж байв. 
 
Бидний олж авсан мэдээллээр А.Ганхуяг захирлыг эвдэрсэн автобуснуудаа шугаманд явуулсан гэж мөнгө завшсан хэмээх мэдээлэл байгаа юм. Мөн түүнийг ажилчдынхаа цалинг хугацаанд нь тавьж чаддаггүй хэрнээ маш багаар үнэлдэг. Одоог хүртэл ажилчдынхаа 13 дахь сарын цалинг өгөөгүй байгаа талаар ажилчид нь хэлж байсан юм. 
 
Хамгийн асуудалтай зүйл нь гэвэл өнгөрсөн жил хотын Захирагчийн албанаас зохион байгуулсан “Буухиа автобус”-нд ажилласан жолооч, кондуктор нарынхаа цалинг өнөө хэр нь өгөөгүй учраас түүнийг болон Ерөнхий нягтлан бодогч Ариунаа нарыг шалгах болсон байж магадгүй хэмээн тус газрын ажилчид хэлж байв. Уг нь дээрх үйл ажиллагаанд зориулсан мөнгийг тухайн үед нь байгууллагад нь олгосон хэмээн албаныхан хэлж байсан удаатай. Ер нь яагаад А.Ганхуяг болон Ариунаа нарыг гэнэтхэн АТГ-ынхан баривчлах болов гэдэг нь олон хардлага дагуулж байгаа юм.
 
Ямартай ч тэднийг юуны учир ийнхүү хар хувцастай хүмүүс явуулж баривчлах болов гэдэг мэдээлэл хомс байгаа учраас бид дээрх хоёр хүний тухай бага ч болов мэдээлэл цуглуулахыг оролдсон юм. 
Тухайлбал, А.Ганхуяг захирал “Тэнүүн тулга” ХХК-ийн хажууд байрлах авто грашийнхаа ойролцоо спорт зал бариулсан. Мөн төв офиссынхоо хуучин байрыг нурааж шинээр бариулсан аж. Энэ хоёрыг дурьдаж байгаагийн учир нь гэвэл тэдгээрийг бариулахын тулд ажилчдынхаа цалин мөнгөнөөс танаж бага үнэлдэг ажээ. Түүнчлэн ажилчдынхаа цалинг хугацаанд нь өгч чадахгүй байгаа хэрнээ мэргэжлийн тамирчдыг цалинжуулаад зогсохгүй тэдэнд бүгдэд нь нэг нэг ажлын байр хүртэл гаргаж өгсөн гэнэ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний талаар ямар ч мэдлэг боловсролгүй тамирчдыг хэсгийн ахлагч гэх мэт албан тушаалд томилсон. Мөн эдгээр тамирчдадаа зориулан жуулчдын автобусыг хүртэл өндөр үнээр авч өгсөн нь өнөөдрийн шалгагдах болсон нэг асуудал нь байж болох талтай юм. Өөрөөр хэлбэл, А.Ганхуяг дарга энэхүү өндөр үнэтэй автобусыг зах зээлийн үнээс даруй хэдэн сая төгрөгөөр худалдаж авсан хэмээн холбогдох бичиг баримтдаа дурьдсан гэнэ. 
 
 
 
 
Түүний энэхүү хэрээс хэтэрсэн үрэлгэн зан нь улам бүр даварч өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд ажилчдаасаа 10-20 мянган төгрөг татсан тухай тус газрын ажилчид ярьсаар байгаа юм. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэгчлэн тус байгууллагын бригадын дарга болон кондукторуудын дарга нар нь жолооч, кондукторуудаасаа өдөрт таван мянган төгрөгийг хуримтлал хэмээн хурааж авдаг байна. Энэ мөнгө хаашаа орж юунд зарцуулагдсан нь ч бас анхаарал татаж буй юм. 
 
Ямартай ч энэ мэт аахар шаахар асуудлаас болж түүнийг ийнхүү АТГ-аас шалгаж байгааг үгүйсгэхгүй юм. Мөн нэр бүхий хоёр хүнийг шалгуулах болсон хүмүүс нь тэдний хамтрагчид гэх мэдээлэл ч байгаа юм. Хэдийгээр өнөөдөр А.Ганхуяг, Ариунаа нарыг цагдан хорьсон тухай мэдээлэл олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй ч тус баазад хуурай өвсөнд ассан түймэр шиг аль хэдийнэ тарчихаад буй юм. 
 
Бид энэхүү мэдээллийг шалгахаар тус компанид очиход захирал байхгүй хаачсаныг нь мэдэхгүй байна хэмээн биднээс зугтаж байсан юм. Түүнчлэн А.Ганхуяг захирлыг 2011 оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хөдөлмөрийн хууль зөрчин ажилчдаа халж улмаар барьцаа мөнгө болох 100 мянган төгрөгийг өгөөгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан удаатай.
 
Эцэст нь дурьдахад хэдийгээр хувийн компани ч гэсэн тэнд нийтийн тээвэрт мөрдөх журам, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг чанд сахиж ажилчдынхаа эрүүл мэнд нийгмийн асуудалд анхаарахгүй бол наанадаж осол аваар, цаанадаж хүний амь нас эрсдэх аюул ойрхон байгааг үгүйсгэхгүй юм. 
 
Ийн хэлэхийн учир нь өглөө ажилдаа 06:30 цагт гарсан жолооч нь Таван шар- Баянзүрхийн товчоо-Ургах наран хороолол хүртэл өдөрт 5-6 рейсийг чадан ядан хийж 23.30 цагт тарж шөнийн 00.00 цагтай уралдан гэртээ хариад таван цаг хүрэхтэй үгүйтэй амраад маргааш нь мөн цагт ажилдаа гардаг.
 
Харин мөнгө хураагч нар нь өдрийн орлогоо гүйцэлдүүлэх гэж байнга стресттэй ажиллахын зэрэгцээ орлогоо гүйцээгүй тохиолдолд өөрт байгаа хэрэгцээтэй гэсэн бүхнээ ломбардад тавьж орлогоо гүйцэлдүүлж өгдөг нь тус байгууллагад бараг энгийн үзэгдэл болсон байв. 
 
Уг нь Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд хүн хоногт найман цаг буюу долоо хоногт 40 цаг ажиллах ёстойг заасан байдаг. Харин “Тэнүүн огоо” компанийн жолооч кондукторууд хоногт 12-15 цаг, долоо хоногт 60-70 цаг ажиллаад өрх бүлийнхээ хоногийн хоолны мөнгийг арай ядан олдог буюу сардаа 500-700 орчим мянган төгрөгийг арай ядан, хэл амтай авдаг байна. 
 
Ажилдчын нь амьдрал ахуй ийм автобуснуудынх нь дугуйны хугацаа дууссан байхад тус байгуулагын захирал А.Ганхуяг, хэдэн саяар тамирчид цалинжуулж, хэдэн тэрбумаар спорт заал, офиссын байр бариулж байгаа нь аргагүй л анхаарал татаж буй юм.
 
Р.Саруул
 
Эх сурвалж: