sonin.mn
Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоноос цогцос олдсон  тухай өчигдөр мэдээлсэн. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг ажиллаж, сэжигтнүүдийг өчигдөр /05.26/ өдрийн 14 цагийн орчимд илрүүлсэн байна.
Сэжигтнийг Хөтөл тосгоны Овоотоос баривчилжээ. Мөн Цагдаагийн ажилтнууд үргэлжлүүлэн Овоот орчимд нэгжлэг, самналт хийснээр талийгаач Н-ийн цогцсыг зөөсөн байж болзошгүй тээврийн хэрэгслийг олж тогтоов. Сэжигтэн Б, талийгаач Н нарт хийсэн үзлэгээр аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Урьдчилсан байдлаар хэргийг өш хонзонгийн сэдэлтээр үйлдсэн байж болзошгүйг тогтоожээ. Талийгаачийн хүзүүг хоёр удаа хурц иртэй зүйлээр зүссэн байв. Одоо хэргийн газрыг хамгаалалтад авч, нотлох баримтыг бэхжүүлэн нарийвчилсан шинжилгээ хийж байна. Цогцсыг тус сумын малчин Н болохыг тогтоосон бөгөөд тэрээр ганц хүүтэйгээ амьдардаг байжээ гэж цагдаагийн газраас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг