sonin.mn

УИХ-ын сонгууль дөхөж байна. Энэ цаг үед сонгуульд нэр дэвшигчид бүгдээрээ л ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж бараг л “уйлан хайлан, уухилан хашгиран” орой бүр цэнхэр дэлгэцээр ам уралдан ярина. Тэд үнэндээ сонгуулиар л ингэж хуурамч баг өмсдөг зуршилтай юмуу гэлтэй. Сонгууль дууслаа л бол 4 жил таг чиг. Хэрвээ иргэд сонгогчид өнөөдөр тэдэнтэй уулзъя гэсэн хүсэлт гарвал, магадгүй гэрт чинь өөрөө ирж таньтай уулзаж ч мэднэ. Гэхдээ сонгууль дууссаны дараа, гишүүн болсных нь дараа бол та тэднийг жилдээ 1 удаа “амьдаар” нь харвал их хэрэг болох болно.

УИХ-д зарим нэр дэвшигчдийг “баг” өмссөн худалчид гэж нэрлэмээр. Ингэж нэрлэх болсон шалтгаан нь 2008 оны сонгуулиар баахан худал амлаад, малийтлаа инээгээд явж байсан хүмүүс УИХ-ын гишүүн болчихоод 4 жил тойрогтоо ажиллаагүй, тойргийн иргэдтэйгээ уулзаагүй болохоор өөрийг нь өмнө нь УИХ-ын гишүүн болгож байсан тойргоо сольж өөр тойрогт нэр дэвшсэн явдал.

Ийм хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Ц.Батбаяр. Өнөөгийн Шадар сайд М.Энхболд хэдэн жилийн өмнө түүнийг Багахангай дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад нь кранаар татаж хотын мэр болгож байсан. Тэр үед олон хүмүүс Ц.Батбаярыг Багахангай дүүргийн даргаар ажиллаж байхдаа тус дүүргийг өвлийн хүйтэнд 2 ч удаа хөлдөөсөн хүн хотыг удирдаж чадах уу гэж шүүмжилж байсан. Ямартай ч тэрээр 2 жил гаруй хотыг удирдахдаа хотын ажлыг ахиулахаасаа илүүтэйгээр өөрийн карьерээ ахиулах, найз нөхдөө хотын агентлагуудын даргаар томилуулах ажлыг амжилттай хийсэн гэдэг. Хотын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн НИТХ-ын болон намын шийдвэрийг эсэргүүцэж захиргааны шүүхээр заргалдаж байсан гэнэ. Төд удалгүй МАХН /одоогийн МАН/ түүний энэ зарга зальхайгаас залхсан уу яасан бүү мэд, түүнд 2008 онд Баянзүрх дүүргээс УИХ-д өрсөлдөх мандат олгож, мань хүн сонгуульд ялж бүүр “томроод” УИХ-ын гишүүн болоотхов.

Тэрээр 2008 оны сонгуульд УИХ-ын 22-р тойрогт Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшихдээ олон зүйл амлаж байснаас зөвхөн хоёрхон амлалтыг нь дурьдахад:

• Дулаан, цахилгааны 5 дахь эх үүсвэрийг барина
• Амьдралын босго 3 өрөө байранд оруулна гэх мэт биелэгдэшгүй амлалт амлаж байжээ.




Харамсалтай нь амласан амлалтаа биелүүлэх нь бүү хэл, тойргийнхоо иргэдтэй ч тоотойхон очиж уулзсан гэнэ. Нэгэнт 2008 онд Баянзүрх дүүргийн сонгогчдод амласан амлалтаа хэрэгжүүлж чадаагүй тэрээр тус дүүрэгт дахин нэр дэвших нүүргүй болж, энэ удаа Хан-уул, Багахангай, Багануур дүүрэгт нэр дэвшиж байна. Тэрээр ээлжит, биелэгдэшгүй амлалтаа амлан, Багануур, Багахангай дүүргийн иргэд, сонгогчидтой уулзсан уулзалтандаа дээрх 2 дүүргийг нийслэл Улаанбаатарын дагуул хот болгох стратеги төлөвлөгөөг танилцуулжээ.

Түүнчлэн АТГ-аас Ц.Батбаяр гишүүнийг шалгахаар зэхэж байгаа ч УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй учраас шалгах боломжгүй байгаа гэсэн мэдээлэл ч бас байна.

Ямартай ч худлаа амладаг, эрх мэдлийн төлөө улайрдаг, сонгогчдоо хуурсан, тойргоо сольж нэр дэвшсэн энэ эрхэмээс Хан-Уул, Багахангай, Багануур дүүргийн иргэд 2008 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин УИХ-ын гишүүн болохдоо амлаж байсан амлалтыг нь асууж сандаргаж байгаа гэнэ.

Сонгууль болохоор л худлаа ярьж, хуурамч шударгын баг зүүсэн ийм хүмүүст сонгогчид итгэл үзүүлэх хэрэгтэй юу?

Ц.Мөнх

Зохиогчийн эрх: olloo.mn