sonin.mn
Дарханы Ардчилсан намын хэсэг бүлэг нөхөд аргаа барж байгаа бололтой. Ийн хэлэхийн учир нь тус намын хэдэн нөхөд уржигдар нийслэлд хүрэлцэн ирж аймгийнхаа Засаг дарга С.Насанбатыг энэ орчлонгийн хамгийн адгийн муу хүнээр тодруулчихаад нутаг буцчихлаа.
 
Тус намынхан яагаад ийнхүү яаран, сандран бачуурах болов гэвэл ирэх 2016 оны сонгууль хаяанд тулсан учраас түүнийг буулгаж авах гэсэн өрөвдмөөр, ядмагхан арга хэрэглэж байгаа нь өөрсдийгөө нутгийнхаа иргэдэд хэн бэ гэдгээ таниулсанд учир буй юм. Угтаа бол тэд улстөрийн захиалгат, явуургүй, ээлжит нэгэн дайралтуудаа бас л эхлүүлсэн гэсэн үг. 
 
Энэхүү баахан мөнгө төгрөг идэж уусан гэж яригдаад байгаа нь тус аймгийн Аудитын газрын дарга, Дархан-Уул аймгийн АН-ын дэд дарга С.Чинзориг гэгч хүний хийж буй ажил гэдгийг ойрын эх сурвалжууд ам уралдан баталж байна. Өөрөөр хэлбэл, мань хүн албан тушаалынхаа эрх мэдлээр олж авсан мэдээллээ олон нийтэд цацсан төдийгүй С.Насанбатыг сандлаас нь буулгах мэргэн арга олсон нь энэ бололтой.
 
Манай сонин өнгөрсөн хугацаанд С.Насанбат даргыг мөнгө төгрөг идэж уусан хэргээр хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа эсэхийг нь асууж тодруулахад “С.Чинзориг болон иргэн Гэрэлмаа нарын гаргасан гомдлын дагуу шалгахад Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай холбоотой гэгдэж буй асуудал яригдсан.
 
Гэвч гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай албан тогтоолыг гомдол гаргасан нэр бүхий хүмүүс рүү албан бичгээр илгээсэн байгаа” гэх хариултыг өгсөн юм. Ямартай ч хуулийнхан С.Насанбатыг буруугүй гэдгийг нь бас л тогтоочихсон байгаа юм.
 
Гэтэл аргаа барсан тус аймгийн АН-ын нөхөд түүнийг АТГ-т шалгаж байгаа мэтээр дахин олон нийтэд худал мэдээлэл тарааж тус аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэнд “С.Насанбатыг огцруулах” тухай албан бигийг энэ сарын 08-ны өдөр бас л илгээсэн байгаа юм. Түүнийг огцруулах болсон шалтгаан нь гэвэл нөгөө л улиг болсон худал үнэн баримтууд.
 
Уг нь тэдний тавьсан үндэслэлүүдийг АТГ, Нийслэлийн прокурор, Дархан-Уул аймгийн прокуро𬬬ын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай гэсэн олон хуудас тогтоол байх юм. Гэтэл нөхөд энэ бүх тогтоолыг олж харалгүй яаран сандран мэдээлэл хийж байгаа нь Дарханыхаа ард иргэдийн төлөө биш зөвхөн албан тушаал, амбиц хоёрт шунаж ийм үйлдэл хийж байна гэж дүгнэхэд хүргэж буй юм. 
 
Ингээд маш ноцтой зүйл илрүүлсэн гэх Дархан-Уул аймгийн Аудитын газрын дарга С.Чинзоригийн С.Насанбатыг буруутгаж буй зарим нэг баримтаас иш татахад, 1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчин аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо ТТБ-ын байрны дээврийг төсвөөс 55.2 сая төгрөгийг гаргуулан засуулсан” гэх мэт зүйлийг дурьджээ.
 
Тэгвэл энэхүү асуудлыг Нийслэлийн пр¬курорын байгууллагаас хянан үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Өөрөөр хэлбэл, С.Насанбатыг тус газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад өнгөрсөн сарын 14-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгожээ.
 
Мөн үүний дараа АТГ болон Дархан-Уул аймгийн прокурорын газраас 033 дугаартай албан бичгээр ч С.Насанбатад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэх тоот бичиг гарчээ. Хэдийгээр тус аймгийн АН-ын нөхөд С.Насанбат гэх хүнийг заавал гэмт хэрэгтэн болгож түүнээс өшөө авах маягаар ийнхүү эрээ цээргүй загнаж байгаа нь ардчиллын үндсэн чиг дүрэм нь ийм байдаг юм болов уу гэж эргэлзэхэд хүргэж байна.
 
Хэрвээ үнэхээр тэд нутаг орноо гэж бодсон бол иймэрхүү увайгүй үйлдэл олон удаа гаргахгүй байсан биз ээ. Юутай ч ардчиллын нэрээр бамбай хийсэн хэсэг нөхөд зовлонгүйхэн шиг бүхэл бүтэн аймгийг гартаа оруулахын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа нь үнэхээр жигшмээр. 
 
Эцэст нь хэлэхэд, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын нөхөд дараагийн удаа Засаг ноёноо ямар гэмт хэрэг хийсэн гэж гүтгэх бол доо, хөөрхий. 
 
Р.Саруул
Эх сурвалж: