sonin.mn
“Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгагдаж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэрэг гурав дахь удаагаа прокурорт шилжиж байна. Тодруулбал, тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.
 
Энэхүү яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон заалтыг сонирхоход, Эрүүгийн хуулийн 166.2. “Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, 
 
Эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 263.2. Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байдаг аж. 
 
Юутай ч энэхүү хуулийн заалтаар бол Л.Гансүх нарыг торгох, аль эсвэл хорих ял сонсох бололтой. Хэдийгээр хуульдаа ингэж заасан ч тэдний хэрэг шүүх рүү очоод зарим нэг зүйл заалт нь хэрэгсэхгүй болж магадгүй гэсэн шум гарсан байна билээ. Тиймээс улстөрчид төдийгүй олон нийтийн анхаарлын төвд орсон уг асуудлыг даган “Л.Гансүхийн хэрэг прокурор руу шилжлээ, цааш яах бол...” гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байна. 
 
Учир нь энэхүү хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Л.Гансүх “Би ямар ч буруугүй, намайг улстөрийн зорилгоор хэлмэгдүүлж байна” гэж олон нийтэд хэлээд амжсан. Гэтэл тун удалгүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “АТГ-ыг татан буулгаж прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг буцаан” сэргээнэ хэмээн нийгэмд дуулиан тарьсан. Угтаа бол энэ бүх үйл явдлаас үүдэн олон нийт Л.Гансүх гэх хүнийг улам ихээр сонирхох болсон гэсэн үг. Уг нь энэ хэрэг өдийд шийдэгдэж буруутай, буруугүй эсэх нь тодорхой болох цаг хугацаа хангалттай байсан. Гэтэл прокурорын газраас мөрдөн байцаалт дутуу байна хэмээн буцааж байсан юм. 
 
Яг үнэндээ “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэгчээр ямар нэгэн хэргийн сэжүүр гарсан болоод л хуулийнхан Л.Гансүхийг шалгах болсон гэх үгийг нэртэй хуульчид хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын явцад эрх мэдлээ ашиглан, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож олны эргэлзээ тайлагдаж байсан юм.
 
Товчхондоо Л.Гансүхэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд энэ хэрэгт 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байсан. Тэдгээрээс зургаан хүнд цагдан хорих арга хэмжээ авч гурван хүнийх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж байсан юм.
 
Товчхондоо дээрх зургаан хүний гурвыг нь цагдан хорьж байсан гэсэн үг. Өмнө нь бид дээрх нэр бүхий хүмүүсийн холбогдсон хэргийн талаар тодорхой мэдээлж байсан учраас энэ удаа нурших нь илүүц байх. 
 
Ямартай ч олон эзэн холбогдогчтой уг хэрэг бүтэн нэг жилийн хугацаанд шалгагдсаны эцэст Нийслэлийн прокурорын газар руу шилжлээ. Тиймээс л энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдэх бол, мөрдөгчдийн олж илрүүлсэн нотлох баримтын аль хэсэг нь үгүйсгэгдэх бол хэмээн хуулийнхан чих тавин хүлээж суугаа. Харин улстөрчид энэ хэрэг дээр мөрий тавьж бараг л суллагдах байх гэх шуумыг гаргаж байсан юм.
 
Учир нь энэ сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл хойшлуулаад байсан энэхүү хуулийн төслөө яаравчлан УИХ-аар батлуулахаар Н.Алтанхуяг өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлж “УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг саадгүй явуулах”-ыг хүссэн юм.
 
Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Хууль зүйн байнгын хороонд хандаж, “Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах нь зүйтэй” хэмээсэн байдаг юм.
 
Өөрөөр хэлбэл АТГ-ын харьяанд шилжээд байгаа прокурорын байгууллагыг, прокурорын байгууллагад эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн утга бүхий албан тоот юм билээ. Энэ бүхнээс үүдэн Л.Гансүх нарын хэргийг бүтэн нэг жил гаруй хугацаанд шалгасан мөрдөгчдийн ажил талаар өнгөрч, тэдний хэрэг, хэрэг биш болон замхрах вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд буй юм. 
 
Эх сурвалж: