sonin.mn
ОТТАВА. /MINING.com/. Энэ оны гуравдугаар сард олон улсын арбитрын шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу Канадын уул уурхайн “Хан Ресурс” компанид 100 сая долларын нөхөн олговорыг Монгол Улсын Засгийн газар өгнө.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг “Bloomberg” телевизэд ярилцлага өгөхдөө, “Засгийн газар үүргээ биелүүлнэ. Бид арбитрын шүүхийн шийдвэрийг үл тоомсорлоогүй. Хүндэтгэж байна. Бид шийдвэрийг дагаж мөрдөнө” гэжээ.
 
Гэхдээ “Хан Ресурс” компани даваа гарагт мэдэгдэлд хийхдээ, “Монголын тал энэ асуудлаар одоогоор манай компанитай ямар нэгэн байдлаар шууд холбогдоогүй байна” гэсэн байсан юм.
 
Монголын Засгийн газар ураны хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж, Оросын ураны “ARMZ” компанид өгсний хариуд нөхөн төлбөрт тус компани анх 326 сая доллар нэхэмжилж байсан билээ. Харин нөхөн төлбөрт 100 сая доллар өгөх шийдвэрийг шүүх гаргасан юм.
 
Хөрөнгө оруулагчдыг үргээж, улсынх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй, гадаадын компаниудтай холбоотой маргааныг шийдвэрлэхээ Ч.Сайханбилэг амласан. Азийн хөгжлийн банкны урьдчилан таамаглаж буйгаар, өнгөрсөн онд 7.8 хувиар өссөн тус улсын эдийн засаг энэ онд 3-хан хувиар өсөх төлөвтэй байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг