sonin.mn
Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 10:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Г гэгч цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжлөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарлаа.
 
Талийгаач нь “Mgltown” нэртэй байгууллага хууль бусаар ажиллуулж монгол иргэдэд онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө залилсан байна. Иргэдийн гомдлын дагуу Истанбул хотын “Куштэпэ” цагдаагийн хэлтэс түүнийг саатуулан эмнэлгийн үзлэгээр оруулж саатуулах байранд хорьж байжээ. 
 
Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байх үед нь буюу өглөөний 10:00 цагийн орчимд ЕКГ-ын Дэд консул Б.Элбэрэлт цагдаагийн хэлтэст очиж уулзах хүсэлт тавьсан байна. Жижүүрийн цагдаа түүнийг авчрах гэж очиход өөрийгөө боомилсон байв. Түргэн тусламж ирсэн ч, амийг нь аврах аргагүй амьсгал хураачихсан байж. Түүнийг Төөмөө овогтой Дамдиндорж гэх боловч эхнэртэй нь утсаар холбогдоход өөрийн болон нөхрийнхөө жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзжээ.
 
Одоогоор талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байна. Талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхний лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар ажиллаж байна.
 
Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэж шарилыг Монгол руу авах эсэхийг тодруулж өгөхийг хүсэв. Гадаад хэргийн яам холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна гэж ГХЯ-ны Консуулын газраас мэдээлэв.