sonin.mn
Энэ сарын 2-нд Гашуунсухайт дахь боомтын орох урсгалаар Монгол Улсын иргэн Д нийт 800 грамм Ми Ми буюу сэтгэцэд нөлөөлөх нунтагийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтын явцад гаалийн улсын байцаагч Э.Аригун илрүүлж холбогдох хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
 
Мөн 7 дугаар сарын 9-нд Тагнуулын газраас Монгол Улсын иргэн С мансууруулах бодис нууж хил нэвтэрүүлсэн байж болзошгүй тул гаалийн эрэлч нохой ашиглан тээврийн хэрэгсэлд нь шалгалт хийх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг тус гаалийн газарт тавьсны дагуу хөдөлгөөнт хяналт хариуцсан байцаагч Э.Жамьяансүрэн, Б.Билгүүн нар тагнуулын байгууллагын байран дээр нь эрэлч нохойн хамт 19 цаг 40 минутын орчим очиж тухайн иргэний автомашинд үзлэг шалгалт хийсэн аж.
 
Эрэлч нохой ашигласан шалгалтаар тээврийн хэрэгсэлийн ард талын зорчигчийн суудлын доороос 2 ширхэг хар гялгар уутыг скочоор ороосон зүйл илэрсэн бөгөөд илэрсэн зүйлийг тагнуулын байгууллагын ажилтнуудтай хамтран уут болон скочодсон байдлаар нь жинлэж үзэхэд 42.9 гр, уутнаас нь гаргаж жинлэж үзэхэд 38.8 гр мөс хэлбэрийн зүйл байв.
 
Илэрсэн зүйлсийг гаалийн лабораториор шинжлүүлэх хүсэлтийг тагнуулын байгууллагаас тавьсаны дагуу шинжээч гаалийн улсын байцаагчаар ууттай эд зүйл тус бүрээс дээж авахуулж шинжилгээнд хамруулж үзэхэд “methaphetamine” гэсэн дүгнэлт гарсан юм. Одоогийн байдлаар эдгээр зөрчлүүд дээр холбогдох байгууллагууд нь ажиллаж байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг