sonin.mn
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоот, “Хүлэг” хүнсний захын хашаан доторх хүнсний ногооны зооринд 2 хүн нас барсан харамсалтай явдал өчигдөр гарчээ. Энэ сарын 21-ний өдрийн 11 цагийн үед зооринд хүн ухаан алдаж унасан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
 
Тус газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ослын газар очиход 5-6 метрийн гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн 43 настай, эргэтэй, иргэн Н, 45 настай, эрэгтэй Х нар агааргүй улмаас нас барсан байжээ. Аврагчид  тэдний цогсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
 
Хэргийн газар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ний Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэрэгжилтэн Р.Энхболд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хими, цацрагийн асуудал хариуцсан инженер Д.Батсайхан нарын хамтарсан ажлын хэсэг уг зоориноос “TAPPA” багажаар орчны агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн цацраг, химийн шинж тэмдэг илэрээгүй байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг