sonin.mn
ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн улсын хэмжээнд гурван газарт уснаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Улаан байшинт”-д М /8 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг энэ сарын 16-нд ирүүлжээ. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 10 иргэн эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
 
Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд иргэн Ц /45 настай, эрэгтэй/ энэ сарын 21-нд живжээ. Уг дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 22-нд ирүүлсэн бөгөөд одоогоор онцгой байдлын 6 албан хаагч, цагдаагийн газрын 2 албан хаагч, орон нутгийн 1 иргэн эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.
 
Түүнчлэн Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Хойд хөвөө дунд булаг”-т Н /16 настай эрэгтэй/ тогтсон цөөрмийн усанд живсэн тухай дуудлагыг 2015.07.22-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгийн 5 иргэн эрэн хайж байна.
 
Сүүлийн үед бороо их орж байгаан улмаас гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байна. Тиймээс ОБЕГ-аас иргэдийг гол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар явах үедээ бага насны хүүхэд болон согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд тавих хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг