sonin.mn
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар хагас  жилийн хугацаанд хэрхэн ажилласнаа олон нийтэд тайлагналаа. Өмнөх  оны  энэ  үетэй  харьцуулахад  эрүү, иргэн, захиргааны  хэргийн  аль  аль  нь  өссөн  гэсэн мэдээлэл  өглөө.
 
Анхан шатны шүүх 2015 оны эхний хагас жилд эрүүгийн 3569 хэрэг, иргэний 20033 хэрэг, захиргааны 653 хэрэг, нийт 24255 хэрэг хянан шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4287 хэргээр буюу 21.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
 
Тухайлбал эрүүгийн хэрэг 4.7 хувиар, иргэний хэрэг 25.1 хувиар, захиргааны хэрэг 17.8 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн 9314 зөрчилд захиргааны хариуцлага оногдуулж, 676 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах болон ялаас чөлөөлж, 1780 хүнд баривчлах, цагдан хорих арга хэмжээ авчээ.
 
Харин   давж  заалдах  шатанд  эрүүгийн хэрэг   буурсан нь анхан  шатны  шүүх  хэр  зэрэг сайн  ажилласныг  харууллаа  гэж  дүгнэжээ.  Хагас  жилийн  байдлаар  хугацаанаасаа  өмнө  суллагдсан  хүний  тоо  өмнөх  жилийнхээс 5.8  хувиар  буурсан  байна. Энэ  хугацаанд  439  сэжигтэн  илрүүлснээс 7.2  хувийг  нь  шүүхээс  баривчлах   зөвшөөрөл  өгчээ.
 
Үлдсэн 90  хувь нь нотлох  баримт  хангалттай  бүрдээгүй  гэсэн  шалтгаанаар  буцаасан байна.  Энэ  бол  ноцтой  үйлдэл  гэж  Шүүхийн  Ерөнхий  зөвлөлийн  шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач  Л.Галбаатар  хэллээ.
 
2015 оны эхний хагас жилд улсын хэмжээнд шүүхэд нийт 9460 захиргааны зөрчил бүртгэгдсэнээс 9314 зөрчилд захиргааны хариуцлага ногдуулж, 146 тохиолдолд захиргааны зөрчил ногдуулахаас татгалзаж буцаажээ.
 
Харин давж заалдах шатны шүүх нь 2015 оны хагас жилд эрүүгийн 1072 хэрэг, иргэний 1225 хэрэг, захиргааны 503 хэрэг, нийт 2800 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.
 
Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 306 хэргээр буюу 12.6 хувиар өссөн бөгөөд үүнээс иргэний хэрэг 25.5 хувиар, захиргааны хэрэг 15.6 хувиар тус тус өссөн бол эрүүгийн хэрэг 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
Хяналтын шатны шүүх 2015 оны хагас жилд эрүүгийн 293 хэрэг, иргэний 595 хэрэг, захиргааны 191 хэрэг нийт 1079 хэргийг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 94 хэргээр буюу 9.5 хувиар өссөн бөгөөд үүнээс иргэний хэрэг 23.7 хувиар, захиргааны хэрэг 3.8 хувиар тус тус өссөн бол эрүүгийн хэрэг 8.4 хувиар буурсан байна.
 
Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 80 хувиар, энэ хэргээр ял шийтгүүлэгчдийн тоо 2.1 дахин өссөн нь хамгийн том сөрөг үзүүлэлт болжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг