sonin.mn
Тарваган тахал өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрахтай ярилцлаа.
 
-Ховд аймгийн Булган сумын иргэн тарваган тахлаар өвчилж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Иргэд тарваган тахал өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
 
-Тарваган тахал бол байгалийн гоц аюулт халдварт өвчин. Тиймээс олон хүн тусах өндөр магадлалтай. Ховд аймгийн Булган суманд долдугаар сарын 12-нд 14 настай хүүхэд тарвага өвчиж байхдаа гараа эсгэж, булчирхай хэлбэрийн тахлаар өвдөж харамсалтайгаар нас барсан. Тиймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай.
 
Тодруулбал, тарвага агнахгүй, эд эрхтнийг нь хэрэглэхгүй, арьсаар нь хувцас хунар хийхгүй байвал зохино. Малаа хариулж буй малчид, аялал зугаалгаар яваа хүмүүс тарваганы дошны ойролцоо хэвтэхгүй байх хэрэгтэй. Мөн үлийн цагаан оготно, зурам зэрэг жижиг мэрэгч амьтад тарваган тахлын дамжуулагч болдог.
 
-Тарваганы түүхий эдийг эрүүл мэндэд хэрэглэвэл сайн гэж үздэг. Цөс, давсаг, хүн махыг сурагласан хүмүүс олон байх юм. Тэгэхээр хэрэглэж болохгүй гэсэн үг үү?
 
-Тарваганы эрхтэнг түүхийгээр нь хэрэглэвэл эрүүл мэндэд сайн гэдэг маш буруу ойлголт. Өвчин үүсгэх гол шалтгаан болж байна. Үүнээс татгалзах хэрэгтэй. Түүхийгээр нь дур мэдэж хэрэглэснээс болж өвдсөн тохиолдол бий. Өнгөрсөн жил л гэхэд Өвөрхангай аймгийн Сант сумын иргэн тарваганы давсаг түүхийгээр нь залгиснаас болж өвчилсөн. Манай улсад тарваган тахал гарахгүй гэх үндэслэл байхгүй. 
 
-Тарваган тахлын эрсдэл бүхий хэчнээн аймаг байдаг вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-Сүүлийн таван жилийн хугацаанд бүх аймагт тарваган тахлын байгалийн голомтын идэвхжлийн судалгаа хийсэн. 330 мянга гаруй га талбай тарваган тахал өвчний идэвхтэй голомт болчихсон байгаа юм.
 
17 аймгийн 130 гаруй суманд тарваган тахлын голомт бий. Үүнд, Завхан, Архангай, Өвөрхангай, Баян- Өлгий, Увс, Ховд, Төв аймаг багтдаг. Тарваганы нүүдэл шилжих хөдөлгөөн эрс ихэссэн. Өвчин гарсан Ховд аймгийн Булган суманд л гэхэд 1998 оноос хойш өвчин бүртгэгдээгүй байсан юм.
 
-Нас барсан тохиолдол хэд бүртгэгдсэн бэ?
 
-2009 оноос хойш тарваган тахал өвчнөөр зургаан хүн өвдөж, нэг нь амиа алдсан.
 
-Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 15-наас хийж эхэлсэн. Хэчнээн тун вакцин шаардлагатай вэ. Иргэд вакцинжуулалтад хэрхэн хамрагдах вэ?
 
-21 аймгийн Эрүүл мэндийн газраас эрсдэлт бүлгийн хүмүүсээ тарваган тахлын эсрэг тунгаар вакцинжуулахад хэр хэмжээний вакцин хэрэгтэй талаарх захиалгаа өмнөх онд өгдөг. Үүний дагуу вакциныг аймаг тус бүрт нийлүүлдэг. Энэ жилийн хувьд 29800 тун вакциныг нийлүүлсэн. Дархлаажуулалт энэ сарын 15-наас эхэлсэн.
 
Вакцинд жолооч, малчин, хил гаалийн ажилчид, эмнэлгийн тодорхой мэргэжлийн эмч нар зэрэг эрсдэлт бүлгийнхнийг үнэ төлбөргүй хамруулна. Хөдөө ажлаар, амралт зугаалгаар яваа хүмүүс тарваган тахлын вакцин хийлгэх шаардлагатай бол ХӨСҮТ-д хандаж, сайн дураараа хамрагдах бүрэн боломжтой.
 
-Одоогоор вакцинжуулалт хэчнээн хувьтай явна?
 
-Эрсдэлт бүлгийнхнээ вакцинд хамруулчихсан. Вакцинжуулалт 80 орчим хувьтай байна.
 
-Тарвага агнахыг хуульдаа хориглочихсон байгаа. Гэвч иргэд дур мэдэн агнаж, эд эрхтнийг нь хэрэглэсээр байна. Тарвага агнасан хүнд ямар хариуцлага тооцдог вэ?
 
-Тарвага агнах хориотой шүү дээ. Агнах явцдаа халдвар авчихдаг. Тэр ч бүү хэл өвчиж, идэж байхдаа өвдсөн хүмүүс байдаг. Тэгэхээр иргэд аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тарвага агнахгүй байх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагууд хуулийнхаа дагуу хариуцлага тооцдог.
 
Сая өвчин гарлаа гэсэн мэдээлэл гарсны дараа аймгийн төвд үхсэн тарвага гаргаж хаясан байсан. Тахал гарлаа гэх мэдээг сонсоод айсандаа гаргаж хаясан байгаа юм. Хэрэв өвчин гараагүй бол хэдэн хүн тарваганы мах идэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ.
 
Тиймээс иргэд аливаа зүйлд хайхрамж, болгоомжтой хандах хэрэгтэй. Эцэг, эхчүүд ч хүүхдүүддээ тарваган тахлын өвчний хор уршгийн талаар хэлж өгөх хэрэгтэй байна. Халдварт өвчний 50-60 хувийг хүүхдийн өвчлөл эзэлдэг.
 
-Тарваган тахал өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ. Хөдөөний хүмүүс тэр бүр эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөөд байдаггүй шүү дээ?
 
-Халуурч, бөөлжинө. Мөн дотор нь муухай оргиж, чичирдэг. Ханиалгаж, цус цэр гарна. Хордлогын шинж тэмдэг илэрнэ. Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах ёстой. Цаг алдсанаас болж амь насаараа хохирохоос гадна олон хүнд халдвар тараах эрсдэлтэй байдаг
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин