sonin.mn
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт төрөл, зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гурван иргэн эмнэлэгт хандсан байдаг. Харамсалтай нь, тэдний нэг нь шархаа даалгүй нас барж, үлдсэн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. 
 
Дээрх үйл явдалтай холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам болон холбогдох байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч, Эрдэнэцагаан сум руу шинжээчдийн багийг томилсон билээ. Тэгвэл мэргэжилтнүүд нас барсан иргэнийг ямар төрөл, зүйл ангийн шавжинд хатгуулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
 
Гэхдээ талийгаач А-гийн задлан шинжилгээний хариу гарах болоогүй байгаа бөгөөд үхлийн шалтгаан нь тодорхойгүй байгаа юм. Шинжээчдийн мэдээлснээр бол хүний аминд хүрсэн байж болзошгүй үл мэдэгдэх шавж нь үе хөлтний хүрээний шавжийн зүйлийн сарьсан далавчтаны ангийн зөгийн овгийн үхэр хэдгэнэ аж. 
 
Уг үхэр хэдгэнэ нь улсын хэмжээнд өргөн тархалттай шавж тул холбогдох байгууллагаас зарим арга хэмжээг авч ажиллахаар болсон байна. Тухайлбал, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтан, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, шавжинд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, тандалт судалгааг идэвхжүүлжээ. 
 
Түүнчлэн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хар хорхойд хазуулсны улмаас хүн нас барсан тухай мэдээлж байгаа нь албан бус мэдээлэл болохыг онцолсон байна.
 
Б.Бат
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин