sonin.mn
УИХ-аар Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ыг улс орны эдийн засаг, нийгмийн тэргүүлэгч салбар болгон хөгжүүлэх бодлогын баримт бичгийг хоёр жилийн өмнө баталсан ч нарийн мэргэжлийн энэ салбар “улс төржсөн” талцал дунд дээш доош савалсаар өнөөг хүрчээ. Улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг ИНЕГ-т сүүлийн жилүүдэд эдийн засгийн ил далд сонирхол маш их нөлөөлөх болсон байна. 
 
Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш ИНЕГ-ын бүтцийг өөрчилсөн тушаал, шийдвэрээс тод харж болох аж. Сүүлийн гурван жилд ИНЕГ гурван даргын нүүрийг үзэж, дөрвөн удаа бүтцийн өөрчлөлт хийж, хавтгайрсан улс төржилтөд өртсөн байна. Тиймээс иргэний нисэхийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүд салбартаа болж буй бужигнааныг ард иргэд, шийдвэр гаргагчидад уламжлахаар мэдээлэл хийлээ.
 
Монгол Улс иргэний нисэхийн тухай олон улсын Чикагогийн конвенцид 1989 онд нэгдэж бүрэн эрхт гишүүн болсон түүхтэй. ИНЕГ бол Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн, энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжлийн агентлаг. 
 
Гэвч агаарын тээврийн салбарт улстөржилт хавтгайрсны дүнд хүний нөөцийн бодлого, менежментийн тогтолцоо гажуудаж эхэлсэн гэж тэд үзэж байгаа юм. Иргэний нисэхийн Олон улсын байгууллага 2010 онд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын тогтолцоо, төрийн бодлого зохицуулалт, хяналтын аргачлалд аудит хийхэд дэлхийн дунджаас дээгүүр үнэлэгдсэн байна. 
 
Гэтэл сүүлийн гурван жилийн улс төржилт, халаа сэлгээ, томилгоо, талцлын балгаар энэхүү амжилт ухарч эхэлжээ. Нисэхийн салбрыг уруудахад хэд хэдэн үндсэн шалтгаан бий гэж салбарын төлөөллүүд үзэж байна. 
 
Нэгдүгээрт байгууллагын бүтэц зохион байгуулалтын асуудал. Бүтцийн өөрчлөлт болгонд байгууллагын бүтэц данхайж, улам олон шат дамжлагатай, нүсэр болдог аж. “Ингэж олон дарга солиод ажил сайжирсан юм алга. Харин ч хүнд суртал ихэссэн. 
 
Тухайлбал, шинээр ирж байгаа хүмүүс байгууллагын онцлог, дотоод бодлого, үйл ажиллагааны талаар ойлголтгүй байдаг учраас ажил явуулахад маш хүндрэлтэй байдаг” гэж Монголын нисэхийн мэдээллийн ажилчдын холбооны гишүүн П.Ариунгэрэл хэлэв. 
 
Хоёр дахь нь боловсон хүчний томилгоо, халаа сэлгээний асуудал. Олон жил энэ салбартаа ажилласан дадлага, туршлагатай, олон улс болон улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн нарийн мэргэжлийн ажилтнуудыг олноор нь хоморголон халах, хавчих явдал сүүлийн гурван жилд тасралтгүй гарчээ. 
 
Жишээлбэл, хоёр жил хүрэхгүй хугацаанд 295 ажилчин халсан байна. Тэднээс дарга, менежерийн албан тушаалтан 25, мэргэжилтэн, байцаагч, дунд төвшний менежер 35 байсан аж. Гэтэл шинээр ажилд орсон хүмүүсийн тоо 382-т хүрсэн байна. Үүний 41 нь дарга, менежерийн албан тушаалд томилогдсон бол нарийн үйл
ажиллагааг хариуцан явуулдаг, мэргэшсэн 124 мэргэжилтэн шинээр орсон байна. 
 
1990-2010 он хүртэл иргэний нисэхийн салбарын удирдлага маш тогтвортой ажилласан байдаг. Энэхүү тогтвортой бодлого, үйл ажиллагааны үр дүнд агаарын тээвэр өнөөдрийн төвшинд хүртэл хөгжих боломж бүрдсэн. Харин сүүлийн үед иргэний нисэхийн даргын гэх улс төрийн томилгоо жил гарангийн хугацаат ажил болсон гэмээр. 
 
Үүний уршгаар салбарын бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдал алдагдаж байгааг ч тэдний төлөөллүүд хэлж байв. Шинэ дарга ирээд багаа бүрдүүлдэг. Өөрийнх нь багаас доошлоод бүх шатныхан өөрчлөгддөг. Мөн дарга нарын ажлын үр дүн жилийн хугацаанд харагдахгүй, дүгнэх, хариуцлага тооцох боломжгүй болдог байна. 
 
“Үүний цаана байгууллага хамт олон, цаашлаад улс орны эрх ашиг хохирч үлддэг. Нисэх бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг салбар. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын томоохон хуралд очиход бүсийн томоохон албан тушаалтан “Монголын иргэний нисэхийн шинэ даргатай жил болгон танилцах хүндрэлтэй юм” гэсэн гомдол ирж байсан гэдгийг тэдний төлөөлөл хэлсэн юм.
 
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 12 хүнийг албан тушаалтны буруу шийдвэрээр, хууль бусаар ажлаас нь халсан байна. Халагдсан хүмүүс асуудлаа шүүхээр шийдүүлээд ирэхээр нөхөн олговор олгодог. Ингэж 90 сая 600 гаруй мянган төгрөгийн нөхөн олговор олгожээ. Тэдний оронд авч ажиллуулсан хүндээ 76 сая 300 мянган төгрөгийн цалин өгсөн байна. Энэхүү буруу шийдвэр, албан тушаалтны увайгүй үйлдлээс болж байгууллагаас нь 176 сая төгрөгийн үргүй зардал гарсан байна. 
 
Гэтэл энэ их мөнгөөр нисэхийн аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлд зарцуулсан бол ихээхэн тустай байлаа гэж тэд харамсан өгүүлэв. Томилогдож ирсэн хүмүүс гадаад, дотоодод томилолтоор явах нэрээр 14 хоногт 36 мянган долларын үргүй зардал гаргах жишээтэй. 
 
Ажилчдыг халах үндэслэл шалтгаан нь шахалтаар буюу “Ажлаа өг чиний оронд өөр хүн ав гээд дээрээс шахаад байна” хэмээн сайд дарга нарын нэрийг барьдаг жишээ зөндөө бий гэж тэд ярьж байсан. Оронд нь ирэх мэргэжлийн бус хүмүүс сүүлийн үед ихэсч байгаа аж. 
 
Тухайлбал, газрын тусгай үйлчилгээний алба гэж бий. Энэ нь онгоцтой холбоотой тусгай тоног төхөөрөмжүүдтэй ажилладаг. Төхөөрөмжийг ажиллуулдаг баазын ерөнхий инженер гэхэд УИХ-ын гишүүний найз гэх мэргэжлийн бус хүн ирсэн гэв. Энэ олон нарийн тоног төхөөрөмжүүдийг дадлага туршлагатай хүн ажиллуулах ёстой.
 
Монголын нислэгийн удирдагчдын холбооны тэргүүн Ё.Батнасан:
 
-“Нисэхийн ажил мэргэжлийг мэдэхгүй хүмүүс дээгүүр орж ирсэн болохоор бусад ажилчиддаа шаардлагатай байгаа сургалтын төсөв мөнгийг батлуулах, хамгаалж чадахгүй, сургалтын мөнгө нь хасагдаж ирэх зэрэг асуудлууд гарч байна.
 
Манай холбооны гишүүд бол байнга сургалтад хамрагдаж мэдлэг мэргэжилээ дээшлүүлэх ёстой. Олон улсын төвшинд нислэгийн удирдагч мэргэжлийн нийгмийн халамж, сургалтын асуудал, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцлийг дээгүүр авч үздэг. 
 
Тиймээс УИХ-аас баталсан иргэний нисэхийг 2020 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигт иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн гурван мэргэжил тутмын нэг нь нислэгийн удирдагч байдаг” гэв. 
 
Энэхүү богино настай шийдвэр, үүнээс үүссэн доройтлыг шийдвэр гаргагчид болон Иргэний нисэхийн салбарынхан, ард иргэд анхаарлынхаа гадна хэрхэвч орхих учиргүй. Энэ өөрчлөлтүүдийн үр дүнд тус агентлагийн үйл ажиллагааны тогтсон системүүд аажмаар алдагдаж, даргын суудал, эрх мэдлийн төлөөх марафонд уралдагчид олон болов. 
 
2012 оны улс төрийн сонгуулийн дараа Засгийн газрыг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах нэрээр иргэний нисэхийн салбар УИХ-ын бие даагч гишүүдийн “мэдэлд” очсоноор Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхдээ газрын дарга дэд даргад тавигдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч нарт нийцүүлж явцууруулан тогтоодог зуршил тогтоод байна. 
 
Иймээс энэ эмх замбараагүй байдлыг анхааралдаа авч, асуудлыг эерэг тал руу нь хандуулахыг хүссэн ил захидлыг төрийн гурван өндөрлөгт тэд саяхан хүргүүлжээ. Тэд салбараа хамгаалах, үйл ажиллагааг тогтвортой байлгахыг хүсч байна.
 
Э.Төвчимэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин