sonin.mn
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын давааны урд замд Энхбулаг амралтын газрын зүүн замд "Mitsubishi L-200" маркийн авто машины жолооч Ц нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн "Зил131" маркийн авто машинтай мөргөлдөж, хоёр хүн нас барж, 21 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой осол гарсан билээ. 
 
Өнгөрсөн баасан гарагт гарсан энэхүү ослыйн улмаас 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нар газар дээрээ амиа алдсан байна. Талийгаач А нь ОХУ-д цэргийн эмчийн мэргэжлээр төгсч, ирээд 084 дүгээр ангид ажилд орсон байжээ. Харин 24 настай М нь өнгөрсөн хавар Ахлагчийн сургууль төгссөн нэгэн байжээ. 
 
Түүнчлэн гэмтсэн 21 алба хаагчийг Цэргийн госпиталд хэвтүүлэн эмчлүүлж байна. Бэртсэн алба хаагчдын 10 гаруй цэргийн бие хүндэвтэр бэртэлтэй, яс, дотор эрхтэн, нурууны зөөлөн эдийн хүнд төрлийн гэмтэлтэй байгаа гэнэ. 
 
Одоогоор алба хаагчдыг тээвэрлэж явсан машинтай мөргөлдсөн "Mitsubishi L-200" маркийн машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүний биеийн байдал гайгүй байгаа аж. 
 
Эх сурвалж: