sonin.mn
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Төрбаттай ярилцлаа.
 
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Одоо хэрэгжиж байгаа хуулиасаа ямар онцлог, давуу талтай вэ?
 
-Шинэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Одоо мөрдөж байгаа хуулиас хэд, хэдэн давуу талтай. Өмнө нь замын цагдаагийн алба хаагчид улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдалд дангаараа санаа зовж, иргэдийн амь насыг хамгаалдаг байсан. Харин шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр иргэд болон аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага, үүргийг нь тодорхой зааж өгсөн. 
 
Үнэнийг хэлэхэд, одоо мөрдөж байгаа хуулиар замын хөдөлгөөнд оролцож байгаа тухайн жолооч, явган зорчигчид хүлээлгэх хариуцлага сул болохоор осол, аваар их гардаг. Судалгаанаас харахад жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алдаж байна. Энэ бол үнэхээр аймшигтай, харамсалтай тоо. Үүнийг багасгах зорилгоор шинэ хууль батлан гаргасан гэж ойлгож болно.
 
-Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Бэлтгэл ажлыг хангасан уу?
 
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тодорхой хэмжээний ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, ирэх сарын 1-нээс алба хаагчдын цагийн хуваарьт тодорхой хэмжээний өөрчлөлт орно. Хамгийн гол нь, замын цагдаа зөвхөн зам дээр зогсохоо болих юм. Замын хөдөлгөөнд саад болсон, иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн зүйл зэрэг хяналт, шалгалтын чиг үүргийг биелүүлнэ..
 
-Шинэ хуулиар жолооч нарт хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгаж өгсөн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-Согтуугаар болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд хүлээлгэх хариуцлагыг нэлээд чангатгасан. Өмнө нь зөвхөн жолооны эрхийг нь хасдаг байсан. Гэсэн ч тэд ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь одоо мөрдөж байгаа хууль сул байна гэсэн үг.
 
Тиймээс шинэ хуулийн 27 дугаар зүйлд жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, тухайн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан бол эхний ээлжид эрхийг нь хасна. Дээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно.
 
-Жолооны эрхийг нь хэдэн сараар хасна гэсэн үг вэ? 
 
-Зургаан сараас дээш хугацаагаар. Шаардлагатай бол хоёр жил жолоо барих эрхийг нь хасна.
 
-Энэ хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдвал ямар хариуцлага хүлээлгэх вэ? 
 
-Улам л чангарна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгож, 7-30 хоног саатуулна.
 
-Тэгвэл ямар тохиолдолд жолоо барих эрхийг нь гурван жилээр хасах юм бэ?
 
-Давтан үйлдсэн тохиолдолд. Дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол тухайн иргэнийг 30 хоног саатуулж, эрхийг нь гурван жил хүртэлх хугацаагаар хасах болно.
 
-Хэдий хэмжээний хүртэлх төгрөгөөр торгох вэ?
 
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таван хувиас тав дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох заалт бий.
 
-Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад ямар зөрчил гаргасан гэдгээс нь шалтгаалж мөнгөн торгууль өөр байна гэсэн үг үү?
 
-Яг зөв. Өмнө нь ганцхан л арга хэмжээ авдаг байсан. Харин шинэ хуулиар ямар зөрчил гаргаснаас нь шалтгаалж мөнгөн торгуулийн хэмжээ нь өөр байх юм.
 
-Дээр нь огцом тоормозлох болон замын хөдөлгөөнд удаан оролцсон жолоочид хариуцлага тооцохоор болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 
 
-Уг нь, энэ заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд бий. Гэхдээ төдийлөн сайн хэрэгждэггүй, хариуцлага тооцдоггүй байсан. Мэдээж шинэ хуулиар огцом тоормозлох, ямар тохиолдолд хэт удаан явсан гэж үзэх вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн. Энэ тохиолдолд 19 мянга 200 төгрөгөөр торгоно.
 
-Үүнээс гадна замын гэмтлээс болж тухайн иргэний автомашин эвдэрсэн бол нөхөн төлбөр олгохоор болсон. Гэхдээ жолооч нар үүнийг хэрэгжих боломжгүй гэж ярьж байна. Учир нь, тухайн автомашин үнэхээр замын гэмтлээс болж эвдэрсэн үү гэдгийг тогтоохоос эхлээд олон саад, бэрхшээл гарах болно шүү дээ?
 
-Иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Дэлхий нийт дагаж мөрддөг хууль, журам манай улсад хэрэгжих боломжгүй гэх ойлголт байхгүй. Тэгээд ч зам тээврийн ослын 40 хувь нь замын бүрэн бүтэн байдлаас шалтгаалдаг гэх олон улсын судалгаа бий. Гэтэл өнөөдөр хэрэгжиж байгаа хуулиар зам тээврийн ослын 99 хувь нь тухайн жолоочийн буруу гэж үздэг. 
 
Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэд л хохирдог. Энэ гажиг тогтолцоог халах хэрэгтэй. Тиймээс шинэ хуульдаа аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулсан. Тухайлбал, замын гэрэлтүүлэг байхгүй, хийгээгүйн улмаас зам тээврийн осол гарсан, эсвэл замын гэмтлээс болж автомашин эвдэрсэн тохиолдолд тухайн замыг тавьсан аж ахуйн нэгж хариуцлага хүлээх юм. Өмнө нь аж ахуйн нэгж иргэний хохирлыг барагдуулахгүй, зөвхөн торгуулиад л өнгөрдөг байсан.
 
-Тухайн аж ахуйн нэгжээс нөхөн төлбөрийг 100 хувь гаргуулах уу?
 
-Тийм. Хохирлыг нөхөн барагдуулж, зөрчлийг арилгуулна гээд тодорхой заачихсан. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгөөр торгоно. Ингэснээр замын чанар болон орчин сайжрахаас авахуулаад олон эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр одоо мөрдөж байгаа хуулиар ийм зөрчил гаргавал тийм хариуцлага хүлээлгэнэ гэж тодорхой зааж өгөөгүй. 
 
Харин удахгүй хэрэгжүүлж эхлэх хуульд замын хөдөлгөөний дүрмийн тийм заалтыг зөрчвөл тэдэн төгрөгөөр торгоно, ийм хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Замын цагдаагийн алба хаагчид ч гэсэн торгуулийн хэмжээг дураараа хэлж, шийдэхгүй гэсэн үг.
 
-Нэг үгээр, аль аль талдаа хялбар болсон гэж үү?
 
-Тийм ээ, амар болсон. Бүх зүйлийг хуульд тусгасан болохоор хуулиа л дагахад болно.
 
-Ингэхэд явган зорчигч замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гараагүй тохиолдолд тодорхой хэмжээний торгууль онооно гэж сонссон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-Хэрэв явган зорчигч гарцаар гараагүй бол хариуцлага тооцно. Жишээлбэл, явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад зам тээврийн осолд өртлөө гэж бодьё. Энэ тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр торгуулахаас гадна тухайн автомашинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарвал хохирлыг нь барагдуулна.
 
-Гарцаар гараагүй явган зорчигч бүрийг торгох боломжтой гэж үү. Наад зах нь, тэд өөрийгөө хэн гэдгээ хэлэхгүй бол яах вэ. Бас бичит баримтгүй тохиолдолд торгуулийн арга хэмжээг ямар замаар авах вэ?
 
-Цагдаа нарын шалгах төхөөрөмж хүний хурууны хээг уншдаг. Түүгээрээ тухайн иргэнийг хэн болохыг нь тогтооно.
 
-Хүүхдүүдийг яана гэсэн үг вэ. Тэд томчууд шиг хурууны хээгээ уншуулах боломжгүй шүү дээ?
 
-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.
 
-Шууд уу?
 
-Тийм ээ, хэрэв эцэг, эхчүүд 10 нас хүрээгүй хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр торгуулна.
 
-Торгуулиа төлөх хугацааг нь зааж өгсөн үү?
 
-Тодорхой журмаар зохицуулна. Одоогоор журам нь гараагүй байна.
 
-Уучлаарай, гэхдээ мөнгөө төлөхөөс татгалзвал яах вэ? 
 
-Наадах чинь нэг их сонин биш. Таныг торгуулиа төл гэж хэн ч шаардахгүй. Гагцхүү дараа нь төрийн байгууллагаас үйлчилгээ авах эрхгүй болно. Учир нь, цахим сангаар дамжиж таны торгуулийн өр бүх төрийн байгууллагад очно. Та тэрхүү торгуулиа төлж байж үйлчилгээ авах эрх чинь нээлттэй болно. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн торгуулиа төлж байж төрийн үйлчилгээ авах эрхтэй болох юм.
 
Б.Бат
Эх сурвалж "Монголын үнэн" сонин