sonin.mn
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан шинэ хуульд орсон онцлог заалтуудыг сийрүүлэн хүргэе.
 
Шинэ хуульд Үндэсний зөвлөлийг байгуулахаар тусгасан бөгөөд үүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, ТББ-ын удирдлагын төлөөлөл орж ажиллах юм байна.
 
Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжрах давуу талтай гэдгийг албаныхан онцолж байна. Эрүүл мэндийн яам нь зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг, анхны тусламжийн цэг, харьяалагдах нутаг дэвсгэрийг тодорхойлох, ажиллах нөхцөл, боломжоор хангах үүргийг Үндэсний зөвлөл хүлээх аж. Өмнө нь зөвхөн яаралтай тусламжийн төв, Шуурхай бүлэг 105 үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо осол болсон газартай ойрхон байгаа эмнэлэг тусламж үзүүлэх юм байна.
 
Уг хуулийг дагаж 24 журам гарах ёстойгоос дөрөв нь гарчээ. Журам баталснаар асуудлыг тодорхой эзэнтэй болж цэгцэрнэ хэмээн үзэж байна. Түүнчлэн жолооч нарт зөрчлийн бүртгэлийн оноо тооцох юм. Өмнөх хуульд жолооч хэдэн ч удаа дүрэм зөрчсөн торгуулдаг байсан бол Жолооч бүр 10 оноотой байна.
 
Хуульд заасан 70 орчим зөрчлийн хамгийн хүнд 14 зөрчил гаргасан тохиолдолд онооноос хасах аж. Тодруулбал төмөр замын гармаар гарвал 3, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол бүх оноо хасагдахаар зохицуулалт хийжээ.
 
Жолоодох эрхийн үнэмлэхгүй, эсвэл эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 192 мянган төгрөгөөр, дээрх зөрчилтэй этгээдэд жолоо шилжүүлбэл 100 мянган төгрөгөөр торгохоор тусгажээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400 мянган төгрөг, энэ үйлдлээ давтвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгож, 7-30 хоног баривчлах аж. 
 
Хамгаалалтын бүсээ зүүгээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгоно. Энэ хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн заалт байна.
 
Мөн жолоо барих үедээ гар утас хэрэглэвэл 10,000 төгрөг урсгал сөрвөл 100 мянган төгрөгийн торгуулиас гадна эрхээ зургаан сараас нэг жил хүртэл хасуулах шийтгэл хүлээнэ.
 
Огцом тоормослох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгийн торгууль хүлээх аж. Түүнчлэн явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцаар гараагүй тохиолдолд 19200 төгрөгөөр торгуулах юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг