sonin.mn
Хэдийгээр анхны цас орсон ч намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Зарим хүний амралт зугаалга, найр наадам ч дуусаагүй байна. Тиймээс энэ үед ангийн маханд хорхойсч амралтынхаа сонин хачинд хачир нэмэх монголчуудад зарим аимаг, суманд тарваган тахлын голомт идэвхжиж байгааг эмч нар анхааруулав.
 
Энэ жил Ховд аймгийн Булган, Хөвсгөлийн Цагаан- Уул суманд тарваган тахлын өвчлөл гарч, голомт идэвхтэй байгаа аж. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 14 тарваганы сэг зэмээс тахлын үүсгэвэр илэрсэн байна. Мөн Завханаас хоёр, Баян- Өлгий, Өвөрхангайгаас тус бүр нэг голомт идэвхжиж байгааг анхааруулав. Хан-Уул дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн Насанд хүрэгчдийн тасгийн их эмч Н.Дэлгэрмаа “Нийслэлд найз нөхөд,ах дүү, амраг садандаа голомттой бүс нутгаас тарваганы мах авч ирэх, зарж борлуулах үед өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх аюул ойрхон байна” гэв.
 
Мөн тарваганы бүүргэнд хазуулах, тарваганы цөс, давсгийг түүхийгээр нь идсэнээс болж, тахлаар өвчлөх эрсдэл өндөр байгааг сануулсан. Түүнчлэн тарваган тахлын вирус мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартай. Халдвар хүнд дамжихдаа халдварласан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд нь хүрэхэд арьс салстаар дамжина” гэдгийг онцгойлон анхаарууллаа.
 
Мөн тарваганы махыг түүхий, шүүрхий идсэнээс болж, хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед уушгины хэлбэрийн тахлаар өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдварладаг. Иймд ангийн махнаас болгоомжилж, амьсгалын зам болон арьс салстаар халдвар авах, халдвар авсан үед гэнэт өндөр халуурах, цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед мэргэжлийн байгууллагад яаралтай хандах, энэ талаарх мэдээллийг бус- дадаа түгээхийг зөвлөв.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин