sonin.mn
Төмөр замыг тойрсон шуугиан тариад байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгаас тодруулаа.
 
-Та болон тантай хамт ажиллаж байсан хүмүүсийн талаар маш их шуугиан дэгдээсэн мэдээллүүд хэвлэлээр гарч эхэллээ. Өдрийн сонины 2015 оны арваннэгдүгээр сарын 19-ний буюу өчигдрийн дугаарт нэр бүхий таван хүний дансаар мөнгө угаагдсан гэсэн мэдээллийг маш тодорхой нэр устай нь бичжээ. Таны нэр тэнд байна.
 
-Энэ бол гүжир гүтгэлэг гэдгийг шууд хэлье. Би тус сонинд хандаж гүтгэлэг болохыг хэлсэн, мөн шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болохоо хэлсэн. Сонины зүгээс ямар нэг тайлбар хийж чадахгүй байна. 
 
 Тэгэхээр зохион байгуулалттай бөгөөд захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. Харин тус материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Тэгэхээр зохион байгуулалттай бөгөөд захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. 
 
Өмнө нь Үндэсний шуудан сонин бас цуврал гүтгэлэг нийтэлсэн. Би шүүхэд өгсөн. Үндэсний шуудан сонин шүүхэд тайлбараа ч гаргаж өгч чадахгүй байна шүү дээ. Тэр сонин захиалгаар хүнийг гүтгээд одоо шүүхэд хэлэх үггүй зугтаад л байж байна.
 
-Та тэгвэл өөртөө итгэлтэй байна уу?
 
-Мэдээж, бүрэн итгэлтэй байна. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг. Би өмнө нь хэлж байсан даа. Энэ асуудал цаашдаа улс төрийн зорилготой болж хөврөх байх гэж. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэж нэг үг бий байх аа. Цаашдаа юу болохыг ч би хэлж чадна.
 
-Юу болно гэж ?
 
-Таван Толгойн ордыг төмөр замын хамт луйврын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралт болж байна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. Энэ хүмүүсийг “Нүүрсчин нам” гэж улс төрийн хүрээнд нэрлээд байгаа.
 
-“Нүүрсчин нам” гэдгээ тодруулахгүй юу?
 
-AH, МАН дамжсан бүлэглэл. Ард нь Хятадтай хамтарсан манай нэг компани байдаг. Тэд өрөнд ороод дампуурлын ирмэгт байгаа. Эзэд нь мөнгөө нэхээд, эд нар болохоор өрөө хаахын тулд Таван Толгойн ордыг төмөр замтай нь өгөх наймаа юм даа.
 
-Хөрөнгө оруулалт орж ирэх юм биш үү?
 
-Хөрөнгө оруулалт гэдэг гоё үгээр халхавчилсан Монгол Улсад ашиггүй, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хортой үйл ажиллагаа. Энэ бүхнийг хэлж ярьж байгаа цөөн хэдэн хүнийг хүчний байгууллагыг ашиглаж дарж аваад дуугаргах  хүнгүй болсны дараа Таван Толгойн ордыг авна гэсэн схемээр л ажиллаж байна. Одоо хэлэхгүй бол болохгүй юм байна.
 
-Тухайлбал?
 
-Маш тодорхой бөгөөд энгийнээр хэлье. Таван Толгойн ордыг харийнханд өгч өрнөөс гарах гэсэн энэ үйлдэл нь Монгол Улсыг эдийн засгийн хувьд гадаад улсын бүрэн хараат байдалд оруулж улмаар цаашдаа улс төрийн тулгалт орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
 
Тийм учраас л тэр хүмүүсийн хүслээр явж болохгүй болоод байгаа юм. Эхлээд хуурах гэж үзээд бүтээгүй. Одоо болохоор хуурамч хэрэгт гүтгэж, цагдаагаар айлгаж байгаад зорилгоо биелүүлэх арга сонгожээ гэж харж байна.
 
1911-1919 он хүртэл Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэж байсан бүх эх орончид бусдад хорлогдож дууссаны дараа тусгаар тогтнолыг устгаад, дахин 1915 оны автономит эрхийг 1919 онд устгасан түүх давтагдаж байна.
 
Ц.Цолмон