sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гарагт болох үеэр сонгуулийн хуультай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын таван гишүүн, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын найман гишүүн, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын зургаан гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын найман гишүүдийн өргөн барьсан дээрх төслүүдийг хэлэлцсэн. 
 
Тэдгээрээс Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл нь хэвлэл мэдээллийнхэн, тэр дундаа сониныхоны анхаарлыг багагүй татсан. Учир нь чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд санаатай юу, санаандгүй юу нэг зүйл орхигдсон байна.
 
Монголын ард түмнийг төрийн эрхээ барих эрхийг хэрэгжүүлэхэд тус дэм болдог, сонголт хийхэд нь нөлөөлдөг том зэвсэг бол сонин. Гэтэл сонгуулийн сурталчилгаанд сонин оролцохгүйгээр хуулийн төсөл хийгдсэн байна. Сонин бол айлаас айлд, сумаас сум руу, багаас баг руу очдог том зэвсэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн анхдагч зэвсэг. Гэтэл өнөөдөр сонин сонгуулийн сурталчилгаанд оролцохгүйгээр хийсэн байна. Хуулийн төслийн 83, 84-т зааснаар радио, телевиз, интернэт орчин сонгуулийн сурталчилгаанд оролцох нь.
 
Сонинг сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй гэдгийг яг зааж өгөөгүй ч, 71.5-аар бусад арга хэрэгсэлээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэдэг нь үндсэндээ сониноор сурталчилгаа хийхийг хориглосон гэсэн үг. Сонинг сонгуулийн сурталчилгаанаас хасчихаад та бид юу бодож суух юм бэ. Үүнийг хэн гэдэг ухаантай хүн гаргасан бэ гэдгийг би гайхаж байна. Үгүй бол шивэхдээ алдаа гаргасан байх. Үүнийг заавал засах ёстой” хэмээн нэлээд бухимдангуйгаар асуугаад авна лээ. 
 
Үнэхээр ч тухайн хуулийн төсөлд хөөрхий хэвлэл мэдээллийн ууган салбар гэгддэг сонинг орхигдуулсан байсан. Харин хууль санаачлагч өөрөө тайлбарлахдаа “Хуулийн төслийн 78.2-т нэр дэвшигч буюу нэр дэвшүүлэх сонгуулийн штаб дараах хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүй сурталчилгааг гурван хэвлэлийн хуудас сонин гэж заасан. Тухайн сонингоо өдөр тутмын, орон нутгийн аль нэгээр гаргах боломжтой. Хасагдаагүй” гэв. 
 
Ёстой л жаахан хүүхдийг чихрээр хурч байгаатай адил түүний үг хуулийн төслөө хэрхэн боловсруулсан бол гэж бодоход хүргэлээ. Учир нь тухайн сонгуулийн хуульд сурталчилгааг сониноор явуулж болох эсэхийг тодорхой заагаагүйг нь харахад хэвлэлийг ашиглаж болох мэт харагдаад байгаа юм. Тэгсэн хэрнээ өөрийнх нь тайлбарлаад байгаагаар ашиглах юм бол мөн л энэ төслийнхөө 71.5-д хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэчихэж байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл радио, телевиз, цахим, тараах материалаас өөрөөр сонгуулийн сурталчилгаа хийхгүй шүү гэсэн үг. Ингээд энэхүү хуулийн төсөл нь өөр хоорондоо зөрчилдөж, сонинг боомилж, сонгуулийн сурталчилгаанаас хасах эхний алхам болчихоод байна. Дээр хэлсэнчлэн хэрвээ одоо байгаа нөхцөлд нь тохируулан хэвлэлийн гурван хуудсыг ашиглахыг хүсвэл өнөөгийн хэвлэгдэн гарч буй сонинуудад бус нэр дэвшигч өөрөө тухайн хэсэг, тойрогтоо шинээр буюу зөвхөн сонгуульд зориулан сонин гаргаж, тарааж болно гэсэн үг.
 
Ийн сонгуулийн суртал­чилгааны үеэр сонинг боомилох нь хэн нэгэн нэр дэвшигчийн талаарх аливаа мэдээллийг ард түмнээс зайлуулах оролдлого болж хувирах юм. Учир нь радио, телевиз, цахим, тараах материал зэргийг сонгогчид ганц удаа сонсож, үзэж, харчихаад өнгөрнө. Энэ нь яг тухайлсан цаг үедээ л хүчинтэй, цаашид устаж, үгүй болох магадлал асар өндөр.
 
Харин сонин бол арай өөр хэлбэрээр нийтэд хүрдэг төдийгүй хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлээс илүү олон хүнд хүрч, мэдээллээ түгээн, урт удаан хугацаанд түүхийн гэрч, баримт болон үлддэг. Энэ нь л улстөрчдөд таалагдахгүй байгаагаас тэд цаг хугацааны урсгалд тэсэн үлдсэн хэдхэн цаасан сонинг ад үзэж, хуулиараа ашиглахгүй шүү гэдэг мессежийг түгээхээр зэхэж байгаа аж. 
 
Нэр дэвшигч байтугай аж ахуйн нэгжүүдэд ч сонин хэрхэн хүнд хүрч мэдээлэл түгээдэг талаарх судалгаа байдаг. Тухайн сонин хэвлэгдэн, борлуулагдсан тооноос гадна нэг ширхэгийг багадаа гурван хүн дамжуулан уншдаг гэдэг. Тийм атал сонгуулийн хуулиар сонинг “жийж” байгаа нь сурталчилгааг хумиж, нэр дэвшигч болон нэр дэвшүүлэх сонгуулийн штаб сурталчилгааны зардал хэмнэх мэт харагдаж байгаа ч баримт, түүхийн гэрч болж үлддэг сонинг олон нийтэд хүргэхгүй байх арга хэмжээг авч байна гэсэн үг.
 
Сонгогч бүр байнга радио сонсож, телевиз үзэн, цахим ертөнцөөр хэсч, тараах материал уншиж суудаггүй. Тийм боломж нөхцөл ч байхгүй. Харин сонинг бол хаа таарсан газраа эргүүлж, тойруулан уншиж, дараагийнх нь дамжуулан уншиж, мэдээлэл авдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд сонинг ад үзэж, өдгөө УИХ-ын сонгуульд буюу ард нийтийг сонголтоо хийхэд нь хамгийн ихээр нөлөөлдөг хэвлэмэл сонинг шахах гэж байгаа нь сонгогчдын нүдийг боогоод саналаа өг хэмээж байгаагаас ялгаагүй болох нь.
 
Тиймээс сонин хэмээх мэдээллийн уурхайг энэхүү хуулийн төсөлд бусад мэдээллийн хэрэгсэлийн яг адил тусган өгч, эн тэнцүүхэн гараанаас оролцох боломжийг олгож, улстөрчдийн талаарх бүхий л асуудлыг нээлттэй бичих эрхийг үүсгэх нь зайлшгүй шаардлага болж байна. Тэгж гэмээнэ сонгогчид нүдээрээ харж, уншиж, овун ухаандаа тунгаан бодож төрд өөрийгөө төлөөлөх нэгнийг сонгох боломжтой болно. 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"