sonin.mn
Худалдаа аж үйлдвэрийн танхим мэргэжлийн хяналтын байцаагч нараар дүүрэн байв. Эхний лангуун дээр бичиг баримтын бүрдэлгүй эмнэлгийн хэрэгсэл, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмнүүд, хилээр зөвшөөрөлгүй оруулахыг завдсан хүний үс, зөвшөөрөлгүй гаргахыг завдсан эмийн болон хатаасан ургамал, томуугийн вакцин, хаяг шошгогүй, хадгалах хугацаа тодорхойгүй чихрийг дэлгэн тавьсан байлаа.
 
МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар “Хүний төлөө хилийн хяналт” сарын аяны хүрээнд үзэсгэлэнг зохион байгуулсан нь энэ аж. Аяны хүрээнд гадаад худалдаанд тавьж байгаа хяналт, шалгалт, хорио цээрийн хяналт, шалгалтыг иргэдэд таниулах төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, хөгжүүлэх зорилготой юм байна. Үүнээс гадна “Хариуцлагатай бизнес” форум, үзэсгэлэн худалдааг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан юм.
 
 
 
Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, эмийн ургамлыг хураан авчээ.
 
Үзэсгэлэн худалдаанд экспорт, импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг 35 аж ахуйн нэгжээс гадна үйлдвэрлэгчид оролцож байв. Энэ талаар МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Отгонбаяр ”Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн онцлог нь бизнесээ хариуцлагатай хийдэг.
 
Оролцож буй компаниуд баталгаатай бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байна. Бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхдээ баримт бичгийн хяналт, биет үзлэг, шалгалт түүнчлэн эрсдэлтэй бараанд лабораторийн шинжилгээ, шалгалт хийдэг. Энэ үзлэгээр шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн дотоодын зах зээлд нэвтэрдэг” гэж байлаа.
 
Форумаар төрийг төлөөлж Мэргэжлийн хяналтын хил, хорио цээрийн газар, МҮХАҮТ, гадаад худалдаа эрхлэгч компанийн төлөөллүүд өнөөгийн хяналт, шал­галтын талаар хэлэлцсэн байна. Мөн энэ үеэр МХЕГ, МҮХАҮТ-ын дарга нарын хамтарсан ту­шаал гарч гадаад ху­дал­­дааг хөнгөвчилж, дэм­жихээр тодорхой аж­луудыг төлөвлөжээ. Үзэс­гэлэнд оролцож байгаа компанийн ажилтнуудын сэтгэгдлийг хүргэе.
 
 
“Эм Ти Эс Агро” компанийн маркетингийн менежер Б.Болормаа:
 
МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ЧАНАРЫН БАТАЛГААТАЙ
 
-Манайх 2013 оноос жимс, хүнсний ногоо оруулж ирсэн. Жимс, хүнсний ногооноос гадна агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг компани. Польшоос оруулж ирсэн шинэ ургацын жимснүүд, хоёр төрлийн сортын алим, Голланд ногоон лийр, Испани мандарин бий. Шинэ жимснүүд орж ирээд гурав хонож байна. Бүгд мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээнд хамрагдаад, худалдаанд гарч байна. 
 
 
 
“Агмарко” компанийн менежер Т.Алтансүх:
 
САЛМОН ЗАГАСЫГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ИДСЭН Ч БОЛНО
 
-“Агмарко” компани 2006 оноос импортын бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. АНУ-аас тахианы мах оруулж ирдэг байсан ч хориг тавьснаар Хятадаас оруулж ирж байна. Тахианы гуя, мөч, нуруугүй гуя, цээж мах, гуяны цул, бүтэн тахиа, Голланд, Норвегиос гаралтай салмон улаан загас ч бий. Энэ загасыг түүхийгээр нь идсэн ч болно. Одоогоор Молдаваас алим оруулж ирсэн. Мөн “Хардис” компанийн бүх төрлийн бүтээгдэхүүн, “Valdivieso” брэндийн дөрвөн төрлийн оргилуун дарсыг оруулж ирсэн байгаа.
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин