sonin.mn
Одоогоос 17 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн С.Зориг агсны хэрэг өнөөг хүртэл монголчууд төдийгүй гадны улс орны анхаарлыг татсан хэвээр байгаа. Тэгвэл манай хууль хяналтынхан хэргийн хамгийн гол гэрч гэгдэх талийгаачийн эхнэр Д.Булганыг энэ сарын 14-ний өдөр гэрээс нь баривчлан, цагдан хорьсон. 
 
Хэдийгээр түүнийг цагдан хорьсон ч, яг ямар хэрэгт холбогдуулсан шалтгаанаа хуулийнхан өнөөг хүртэл олон нийтэд мэдээлээгүй байгаа. Д.Булганыг цагдан хорьсноос хойш янз бүрийн мэдээлэл нийгэмд тарж эхэлсэн. Тухайлбал, бидэнд олдсон цагдаагийн баттай эх сурвалжийн мэдээллээр түүнийг хар тамхины хэрэгт холбогдуулан баривчилсан гэж байгаа. 
 
Манай сонин энэхүү мэдээллийг нэмж тодруулахаар мөрөөр нь орсон ч үнэн, худлыг нь бататгахын аргагүй сургууд гарч ирсээр байна. Тиймээс холбогдох албаны хүмүүсээс асуухад “Мэдээлэл өгөх ямар ч боломжгүй. УЕП-ын газарт С.Зориг агсны хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг л Д.Булганыг яагаад баривчилсан талаарх мэдээллийг өгөх боломжтой. Та нарын асууж байгаачлан бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй” гэх бүрхэг хариултыг өгсөн юм. 
 
Нэгэнт олны анхаарлыг татаад байгаа энэ хэрэгт хууль хяналтын байгууллагынхан асуудлыг өөр тийш нь эргүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулаад зогсохгүй хүний эрхийг ноцтойгоор зөрчөөд байгаа юм биш үү гэсэн асуулт гарч ирж байна. 
 
Товчхондоо, Д.Булган гэдэг эмэгтэй жирийн нэг айл гэрийн эзэгтэй биш. Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн ар талыг авч явж байсан учраас олон нийт энэ эмэгтэйг яагаад хоригдох болов гэдгийг мэдэхийг хүсч 17 жилийн өмнөх алуурчин нь хэн бэ гэсэн таашгүй оньсогоыг тайлахыг хүсч байгаа.
 
Тухайлбал, энэ сарын 16-ны өдөр ЦЕГ-аас мэдээлэл хийхдээ “Д.Булганыг баривчилсан нь үнэн” гэх гуравхан үг “унагасан”. Анх Д.Булганыг гэрээс нь баривчилахдаа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тарж байсан ч энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газар бататгаагүй.
 
Түүнчлэн түүнийг ямар үндэслэлээр саатуулсан талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байсан учраас сэтгүүлчид өөрсдийнхөө сувгаар олж авсан янз бүрийн мэдээллээ нийгэмд хүргэж байгаа учраас энэ олон мэдээллийн аль нь үнэн юм бэ хэмээн уншигчид биднээс асуух боллоо.
 
Түүнчлэн түүний ар гэрийнхэн болон найз нөхөд нь ч яг ямар хэргээр хоригдсоныг нь мэдэхгүй байна гэх тайлбарыг бидэнд өгч байсан. Тиймээс хэрэг үүсгэсэн цагдаагийн байгууллага, баривчлах шийдвэр гаргасан прокурор, цагдан хорих захирамж гаргасан шүүхийн байгууллага энэ хэргийн учрыг олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээллээч ээ гэдгийг олон нийт хүсч байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн байгууллага Д.Булган гэдэг эмэгтэйг яг ямар үндэслэлээр хорих болсон захирамжаа яагаад тайлбарлахгүй байгаа юм бэ.
 
Үнэхээр С.Зориг агсны хэрэгтэй холбон баривчилсан бол үүнийг ард түмнээс нуух ямар ч шаардлага байхгүй. Учир нь монголын ард түмэн тухайн үед болсон аймшигт аллагын талаарх мэдээллийг өнгөрсөн хугацаанд хангалттай авсан. Гэтэл 17 жилийн дараа гэнэт талийгаачийн эхнэрийг баривчлан хорих болсон нь улстөрийн тодорхой нөхцөл шалтгаан үүссэний улмаас түүний амыг барих гэж цагдан хорих боллоо гэсэн мессеж нийгэмд тарчихлаа.
 
Яг үнэндээ хууль хяналтынхан хэвлэлийнхэнд янз бүрийн мэдээлэл өгч олон нийтийг төөрөгдүүлэх болсон нь нууц биш. Өнөөдөр энэхүү төөрөгдлийн ард хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж, эрх баригчид өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн Д.Булган гэдэг эмэгтэйн амыг барих ажиллагаа явагдлаа гэж харж болохоор байна. 
 
Аль эсвэл түүнийг хар тамхины хэргээр баривчилсан гэх мэдээлэл тарааж улстөрийн маш том хэлмэгдүүлэлт явуулж жирийн нэгэн монгол эмэгтэйн амь, амьдралыг бусниулах гэж байгааг ч үгүйсгэхгүй. Угтаа бол өнөөдөр Д.Булганыг 14 хоног сэжигтнээр цагдан хорьж байгаа нь хангалттай удаан хугацаа.
 
Гэтэл энэ хугацаа нь бараг дуусгавар болох гэж байхад түүний талаарх мэдээллийг албаныхан өгөхгүй, маш нууц гэх зэрэглэлд хамааруулж байгаа нь хачирхалтай. Уг нь хэн нэгнийг саатуулахдаа яг ямар хэрэгт сэжиглэн, цагдан хорьж буйгаа хууль хяналтынхан тодорхой мэдээлэх ёстой байдаг. 
 
Эцэст нь хэлэхэд С.Зориг агсны эхнэр Д.Булганыг яагаад цагдан хорьж байгаа тухайгаа цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээллээч. 
 
Учир битүүлэг хаалттай мэдээллийн ард ямар нэгэн байдлаар улстөрийн хэлмэгдүүлэлт явж, Д.Булган гэдэг хүн хохироод зогсохгүй хүний эрх нь зөрчигдөөд байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл, аливаа нууцалсан хэргийн ард хуйвалдаан, үгсэн тохирох, хүний эрх зөрчсөн асуудал гарч ирдэг. Шуудхан хэлэхэд Д.Булган үнэхээр хар тамхины хэрэгт холбогдсон бол яагаад заавал “Маш нууц”-д хамааруулах болов гэдгийг олон нийтэд тайлан өгч, учгийг задлах цаг нь болсон биш үү. 
 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"