sonin.mn
БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн захирал Lee Jeong Yeol гэгч нөхрийг манай хууль хяналтын байгууллагаас “Шинэ төмөр зам’’-ын төслийн асуудлаар энэ сарын 18-ны өдөр цагдан хорьж яллагдагчаар татсан.
 
Түүнтэй хамт ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг ч мөн адил саатуулсан. Тэгвэл солонгос улс иргэнийг нь саатуулсанд ихэд эмзэглэж манай улсад суугаа элчин сайдын яамаараа дамжуулан түүнийг батлан даалтад гаргаж авах хүсэлтэй байгаагаа Улсын ерөнхий прокурорт гаргажээ. Харин прокурорын байгууллагаас Lee Jeong Yeol-ыг цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээх тайлбарыг өгчээ.
 
Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард АТГ-ынхан Lee Jeong Yeol гэгч нөхрийг шалгахар болж байсан. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан “Шинэ төмөр зам" төслийн ажлыг 2013 оны сүүлээр шалгаж төсөлтэй холбоотой материалуудыг гартаа оруулан авч ийнхүү нэр бүхий хүмүүсийг тодорхой хэрэг дээр үндэслэн баривчлах болжээ.
 
Учир нь энэ нөхрийн балгаас болж “МТЗ" компани асар их хохирол амсах болоод байгаа юм. Тухайлбал “Самсунг” компани 2008-2009 оны үед концевцийн гэрээгээр “Энержи Ресурс Рейл’’ ХХК-тай дээрх төслийн ажлыг хийхээр болсон байдаг. Ингээд уг төслийг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр “Энержи Ресурс Рейл” ХХК, “Самсунг”-ийн гэрээг “МТЗ”-руу шилжүүлж байжээ. Хамгийн гол нь эл гэрээг шилжүүлж авахдаа “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр авсан аж.
 
Тухайн үеийн эх сурвалжийн мэдээлснээр гэрээг шилжүүлэхээс өмнө “Самсунг” компани “Энержи Ресурс Рейл" ХХК-д өгч байсан үнийн санал нь “МТЗ”- тай хийсэн үнийн саналаас зөрж байгаа юм. Энэ санал нь буурч биш бүр өссөн учраас олон хүний анхаарлыг татсан аж. Угтаа бол энэхүү мөнгөн дүнгийн цаана “Самсунг” компанийг эл ажилд авсан ямар нэгэн нууц байна гэдэг хар төрүүлсэн гэсэн үг.
 
Тиймээс л "МТЗ”-д алба хашиж буй нэгэн эрхэм өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21- нд “Энержи Рөсурс Рейл” ХХК-ийн нөлөө бүхий хүнээс “Самсунг” компани чухам ямар шалгуураар тендерт ялсан эсэхийг нь асуусан болон түүнд нь хариулсан байсныг бид тухайн үед олон нийтэд засвар оруулалгүйгээр бүрэн эхээр нь мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар эргэн сануулъя. Дашрамд дурьдахад доорх и-мэйлийг явуулсан хүмүүсийн нэр хаягийг энэ удаа олон нийтэд ил болгохыг нууцлая.
 
Хувийн хэвшилд санал болгож байсан үнийн саналаа “МТЗ”-д хэд дахин нугаласан солонгос захирал
 
“МТЗ"-ын төлөөлөл “Бид Самсунгийн гэрээгээр материалуудаас санхүүжилт авах талаар ярилцаж явж байгаа юм. Тэгээд, материалуудаас, Самсунгийн тендер ямар байдлаар явагдсан, тэр үед Азийн Хөгжлийн Банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бүх л мэдээллийг шаардаж байгаа юм л даа. Миний ойлгож байгаагаар ЭРР дээр байхдаа Азийн Хөгжлийн Банкаар санхүүжигдэнэ гэж явж байсан болохоор ер нь бол тендер нь тэдний дагуу явагдсан байх. Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зүйлс байдаг юм болов уу?
 
“Энержи Ресурс Рейл” ХХК- ийн хариулт “Самсунг сонгох процесс нь
 
1.2008-2009 онд нэг хэсэг сонголтууд хийгдсэн.
2. 2011-2012 онд short list хийгээд тухайн компаниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд түүний дагуу материалууд авсан.
3. Тэр материалууд танайд бүгд шилжсэн байгаа. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерөнхий хэлбэр, тусгай нөхцөлүүд тохирч дуусах үед Засгийн газрын тогтоол гарч, тэр хэвээр нь хүлээлгэн өгсөн” гэсэн хариуг өгсөн байна.
 
Ямартай ч дээрх хоёр хүний бичсэн и-мэйлээс харахад гэрээ хийж дуусгаад гарын үсэг зурсан тухай “Энержи Ресурс Рейл”-ийн хүн огт дурьдаагүй байгаа юм. Мөн “Самсунг” компани энэ ажлыг хууль ёсны дагуу тендерт ялж аваагүй гэх дүр зураг ч харагдаж буй юм.
 
Хатуухан бөгөөд гашуун үнэнээр бол Lee Jeong Yeol бусадтай их хэмжээний тохиролцоо хийж хувийн хэвшлийн компанид хэлж байсан үнийн саналаа “МТЗ”-д хэд нугалж хэлснээс болж өнөөдөр “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих ажил зогсчихоод байгаа юм.
 
Хэрвээ тухайн үед эрх мэдэл бүхий хүмүүс дахин тендер зарлаж шинээр компани шалгаруулсан бол өнөөдөр “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын ажил ч зогсохгүй нэр бүхий эрхмүүд ч олны анхаарлын төвд орж цагдан хоригдохгүй байсан нь лавтай.
 
Тиймээс л ЭЦГ-ынхан “Самсунг”  компанийн авсан “Шинэ төмөр зам”-ын төслийн нэг болох “Тавантолгой- Гашуун сухайт”-ын ажлыг эл компанийн захирал солонгос эрхэм яаж авсан бэ гэдгийг нь шалгаж үзэхээр хоёр жилийн хугацаанд баримт цуглуулж, цуглуулсан баримтынхаа үнэн зөвийг шалгаж нягтлахаар ийнхүү ханцуй шамлан орсон хэрэг.
 
Юутай ч ар араасаа гараа шилэндээ авчихаад буй эрх мэдэл бүхий эрхмүүдийн идсэн, уусан гэх хэрэг тун удахгүй үнэн зөвөөр тогтоогдох байлгүй дээ. Тиймээс л олон нийт солонгос захирлыг манай хуулийнхан тийм амархан тавиад явуулчихгүй байлгүй дээ гэсэн бор шувууг нийгэмд тарааж эхэлсэн юм.
 
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"