sonin.mn
Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч эмэгтэйн гэр бүлийнхэнд халдаж, аав, ээжийнх нь хамт хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн I хороонд энэ сарын 26-27-нд шилжих шөнө гарсан.
 
Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх Пүрэвийн Батбаярыг улс орон даяар эрэн сурвалжилж, хэвлэлээр сэжигтний талаарх мэдээллийг худалдан авна хэмээн зарлаж байв. Тэгвэл түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр баривчилжээ.
 
Тодруулбал, тус дүүргийн IV хорооны нутаг дахь Арцат гэх газрын ойролцоо айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна. Тэрбээр баригдах үедээ цагдаа, тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлж, зугтахыг оролдсон аж.
 
ЭЭЖ НЬ ШАРХАА ДААЛГҮЙ ӨӨД БОЛЖЭЭ
 
Согтуу хүн шөнийн 02.00 цагт охиныг нь хайж ирэхэд ямар эцэг эх дуртай байх билээ. Ингээд маргаан үүсэж, сэжигтэн гал тогооны өрөөнд байсан хутга, заазуураар зэвсэглэн давшилжээ.
 
 
Хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн I хороо, Их тойруугийн 30 дугаар байрны 12 дугаар давхарт гарчээ. Шөнийн 02.10 цагийн тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст “4-5 хүн хутгалууллаа” гэх дуудлага хөршийнхөөс нь ирсэн аж.
 
Мөн “Тус тоотод байх айлд аав маань байгаа. Хүргэн нь согтуу ирж агсам тавиад бүгдийг нь хутгалаад, хоёр хүний амийг хөнөөчихлөө гэж аав минь утсаар ярилаа” гэсэн мэдээлэл ч ирсэн аж.
 
Ингээд 03.00 цагийн үед цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очжээ. Тэднийг очиход гэрт байсан дөрвөн хүний хоёр нь нас барж, бусад нь хүнд гэмтэлтэй байсан гэнэ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц гал тогооны өрөөнд хоолой, цээжиндээ хутгалуулж нас барсан байж.
 
Ц өмнө нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард шилжин томилогдсон байв. Тэрбээр 1979 онд төрсөн ганц бие, аав ээжтэйгээ амьдардаг байжээ.
 
Мөн түүний аав С цээжиндээ хэд хэдэн удаа хутгалуулсан аж. Хохирогч Ц-ийн ээж болон нагац ах нь мөн л олон удаа хутгалуулсан байжээ. Шархадсан хүмүүсийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
 
Эмнэлэгт ирсэн даруйдаа хоёул яаралтай мэс засалд оржээ. Гэвч ээж нь шархаа даалгүй өнгөрсөн бямба гаригт нас барсан байна. Түүний ах Б одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа гэнэ.
 
Тэрбээр уг нь Орхон аймгаас биеэ эмчлүүлэхээр Улаанбаатарт ирээд байсан аж. Хэрэг гарсны дараа тэрбээр Орхон аймагт байсан охин руугаа утсаар ярьж болсон явдлыг дуулган, сэжигтний талаарх мэдээллийг өгсөн билээ.
 
ГОЛОГДСОН ХҮРГЭНИЙ ХОНЗОГНОЛ БАЙВ УУ
 
Хэрэг гардаг өдөр талийгаач Ц-ийн төрсөн дүү Ш найз залуу П.Батбаяртайгаа дахин уулзахгүй, харилцаагаа тасална гэдгээ хэлжээ. Ш-ийн гэр бүлийнхэн өмнө нь түүнийг хүргэнээ болгох хүсэлгүй байгаагаа илэрхийлж байсан гэнэ. Үүнээс шалтгаалан П.Батбаяр түүнтэй уулзаж ярилцахыг хүссэн бололтой. Тиймээс арваннэгдүгээр сарын 26-ны орой Ш-ийн гар утас руу 100 гаруй удаа залгаж, 60 орчим мессеж илгээсэн байна.
 
Ингээд хариу өгөхгүй болохоор гэрт нь очжээ. Гэвч түүний найз бүсгүй Ш тэр орой гэртээ байхгүй байв. Согтуу хүн шөнийн 02.00 цагт охиныг нь хайж ирэхэд ямар эцэг эх дуртай байх билээ. Ингээд маргаан үүсэж, сэжигтэн гал тогооны өрөөнд байсан хутга, заазуураар зэвсэглэн гэрт байсан бүх хүн рүү давшилж эхэлсэн гэнэ.
 
Архины халуун, гологдсон хонзогнолдоо өсөрхөж аймшигт гэмт хэрэг үйлдээд 02.30 цагийн үед гарч зугтжээ. Хэргийн газраас зугтах үедээ гуталгүй, бор оймстой, дан цамцтай байж. Гүйж явсаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт байх 93 дугаар байранд амьдардаг, өмнө нь хамтран амьдарч байсан Т-гийнд очиж хувцсаа сольж өмсөөд зугтсан гэнэ.
 
Тэр Т-д “Төв аймаг руу айлд очно” гээд гарчээ. Энэ нь магадгүй цагдаа нараар чулуу хөөлгөх гэсэн санаа байсан бололтой. Үүний дараа тэрбээр гурван хүнтэй уулзжээ. Дүүтэйгээ, хоёр найзтайгаа уулзаж, дахин хувцсаа сольж өмсөөд, айлын байшинд бүгсэн аж.
 
Тэрбээр баригдсаныхаа дараа үйлдсэн гэмт хэргээ хүлээж, найз бүсгүй Ш-ийг хардсан, өөрийг нь хүлээн зөвшөөрөөгүйд бухимдсан гэж мэдүүлжээ.
 
П.БАТБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
 
Сэжигтэн П.Батбаяр 1985 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй нэгэн. Багаасаа Төмөр замын төв буудалд ачаа зөөдөг байж. 2008 оноос машинаар ачаа зөөх ажил хийх болжээ. Харин сүүлийн хэдэн жил Замын-Үүдээс ачаа тээвэрлэдэг болсон гэнэ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа согтуугаар танхайрч захиргааны арга хэмжээ авахуулж байсан нэгэн.
 
Тэр ч бүү хэл 2004 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр нэг жил тэнсэн харгалзах ял эдэлж байж.
 
Мөн энэ оны тавдугаар сард найз бүсгүй Ш-ийг зодож дээрх хуулийн 99.1 буюу бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэсэн үндэслэлээр шалгуулж байсан ч тэд эвлэрсэн тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв.
 
Ингээд ч болоогүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, архи ууж агсам тавин танхайрсан гэж нэлээд хэдэн удаа торгуулийн арга хэмжээ авахуулсан хүн. Энэ бүхнээс харахад П.Батбаяр хууль хяналтын байгууллагад хэдийнэ “данстай” болсон нэгэн байж. Ийм хүнийг хүргэнээ болгох хүсэл талийгаач нарт байхгүй байсан биз.
 
Түүний найз бүсгүй буюу хэргийн хохирогч Ш уг нь саяхан уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаад, баяр хөөрөөр бялхаж байв. Гэвч буруу сонголт хийснийхээ төлөөсөнд нэг өдрийн дотор гэр бүлээ тэр чигээр нь алдчихлаа.
 
Гурван хүний амийг бүрэлгэж, нэг хүнийг хүнд гэмтээсэн гэх энэ хэргийг одоо Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Харин сэжигтэн П.Батбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
 
 
Эх сурвалж: "Өнөөдөр сонин"