sonin.mn
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 9200 орчим нь хулгай их байна. Энэ нь 2014 оноос 8.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
 
Иймд цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын 11-нийг хүртэл зохион байгуулж буй талаар Мөрдөн байцаах газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Даваадоржоос тодрууллаа.
 
-“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
 
-Сар шинийн баяр дөхөхөөр хулгайн гэмт хэргийн тоо нэмэгддэг. Иймээс иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын хэмжээнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байна.
 
Хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох, бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, түдгэлзүүлсэн хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулахад бидний зорилго чиглэх болно.
 
-Өвөл автомашины хучлага, эд зүйлс, сар шинэ дөхөхөөр мал мах, бууз баншны хулгай их гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдэд хандаж ямар сэрэмжлүүлэг хүргэх бэ?
 
-Иргэд өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлэх ёстой. Нөгөө талаар цагдаа амар амгаланг сахиулах, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг нь бууруулах үндсэн чиг үүрэгтэй.
 
Улс орны эдийн засгийн хямрал, ажилгүйдэл өссөн, иргэдийн орлого багассан, эсвэл улирлын шинж чанартай ажиллаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байна. Сар шинэ дөхөж байгаатай холбогдуулан иргэдийн бэлтгэсэн идээ ундааг хулгайлах нь түгээмэл байдаг учраас сонор сэрэмжтэй, гэр орноо эзэнтэй байлгах хэрэгтэй.
 
Б.Цэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин