sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /Asiaone/. Малайзын Ерөнхий сайд Нажиб Тун Разак Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт ямар ч хамаагүй гэж уг хэрэгт холбогдсон Сирул Азхар Умар бурхны нэрийг барин тангарагласан байна. Цагдаагийн ажилтан байсан тэрбээр алгаа хавсран сууж, хүнийг гүтгэж сураагүй гэжээ.

“Хэн нэгнийг сүйрүүлэхээр оролдож байгаа зарим хүний сэдлийг бий ойлгож байна. Бурхны нэрийг барин андгайлая. Малайзын Ерөнхий сайд Нажиб Тун Разак Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт ямар ч хамаагүй” гэж тэрбээр мэдэгдсэнийг дүрс бичлэгт буулгажээ.

Уг хэрэгтэй холбоотой мэдээлэл өгч буйг нь харуулсан түүний гурав дахь дүрс бичлэг энэ юм.

Нэр бүхий хүмүүс бусдыг буруутгах сонирхолтой байгаа гэж тэрбээр анхны дүрс бичлэгтээ хэлсэн боловч нэрийг нь тодорхой дурдаагүй байна.

Харин хоёр дахь дүрс бичлэгтээ тэрбээр, орчуулагч Ш.Алтантуяа жирэмсэн байгаагүй гэж мэдэгджээ.

2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Малайзын Холбооны улсын шүүх Сирул, Цагдаагийн Тусгай ажиллагааны нэгжийн ажилтан Азилах Хадри нарт цаазаар авах ял шийтгэсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг