sonin.mn
Нийслэлийн хэмжээнд Нэмэгдсэн өртгийн албан татвар, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг Гааль, татварын ерөнхий газар /ГТЕГ/- ын харьяа нийслэлийн Татварын болон Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг хийж байна.
 
Энэ талаар ГТЕГ-ын харьяа нийслэлийн Татварын газрын дарга Е.Төмөрбаатар “НӨАТ-ын урамшууллын систем нийслэлийн нутаг дэвсгэрт төдийлөн сайн хэрэгжихгүй байна.
 
Аж ахуйн нэгж /ААН/, байгууллагууд сугалаа, урамшууллын баримт хэвлэж өгөхгүй иргэдийг хохироох явдал цөөнгүй гарлаа. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шалгалтыг энэ сарын 1-нээс эхлэн зохион байгуулж байгаа юм. Нийслэлд 80- аад мянган ААН байгаагаас бид 30 орчим хувийг нь сургалтад хамруулж, нийт ААН-д мэдэгдэл, албан тоотыг хүргүүлсэн. Иргэдээ аль болох хохироохгүйн тулд ажлын хэсэг баримт хэвлэхгүй байгаа ААН, байгууллагуудад захиргааны хариуцлага тооцно. Мөн Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн үүрэг хэсэгт Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх тухай нэмэлт оруулсан. 

Энэ заалтыг /18.1.8 дахь хэсэг/ зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эсвэл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна” гэлээ.
 
Түүнчлэн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн талаар нийслэлийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Хуулийн гол агуулга нь далд эдийн засаг буюу далд орлогыг ил тод болгож, хүн бүр эрх тэгш татвараа төлдөг байхад оршино.
 
Нийслэлийн татварын хэрэгжилтийг өнөөдрийн байдлаар дүгнэж хэлэхэд арай эрт байна. Мэдээж шинэ хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидний тооцоолсон орлогын 50 гаруй хувь нь бүрдсэн. Хуулийг баталсны дараа бидэнд өгсөн тооцоогоор жилдээ 1.4 их наяд, сардаа 1.4 тэрбум төгрөгийн төсөв бүрдэнэ гэж байсан юм. Цаашид тодорхой хугацааны дараа бодит гүйцэтгэл нь гарна” гэв. 
 

Ц.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин