sonin.mn
Татварын хөнгөлөлттэй бүс буюу оффшортой холбоотой мэдээлэл дуулиан дэгдээгээд байгаа. Энэ сэдэв ид халуун энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутагт ажиллахдаа байр сууриа илэрхийлсэн нь шинэ онцлох сэдэв хэвээр байна. 
 
Тодруулбал, Ерөнхийлөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт ажилласан бөгөөд 2009 оны зургадугаар сарын 18-наас 2016 оны тавдугаар сар хүртэл Төрийн тэргүүний хувьд хийсэн ажлын тайлангаа тавьсан байна. Энэ үеэр улс төр идэвхтэй сонирхдог дарханчууд өнгөрсөн долоо хоногийн гол сенсаац болох оффшор бүсийн тухай асуугаад зогсохгүй ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой мэдээлэл болон түүнд хэрхэн хариуцлага тооцохыг тухайлан лавлажээ. 
 
Харин уг асуултад Төрийн тэргүүн “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байна. Оффшор гэдэг нь эргийн гадна гэсэн үг л дээ. Татварын чөлөөт бүс. Бид хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Хүмүүстэйгээ хариуцлага тооцох чиглэлд алхам хийх ёстой гэж бодож байна. Эхний ээлжид төрийн албан хаагчид эргийн гаднах үйлчилгээ авахыг хориглох ёстой гэж бодож байгаа. Төрийн албан хаагчдад ийм үйл ажиллагаа явуулахыг хориглодог, шийтгэдэг болох ёстой гэдэгт санал нэг байгаа. Цаашдаа Монгол Улс энэ чиглэлд хатуу хуультай болох ёстой. Би С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа."Чи сонгуульд нэр дэвшихээ боль, чи хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүний ажил хийгээд яваа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ Монголын төр салж чаддаг байх ёстой. Тиймээс нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрчихсөн хүн УИХ-д дахиж нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа” гэх хариултыг өгөв.
 
Энэ хариултын дараа ЗГХЭГ-ын дрга С.Баярцогт Ерөнхийлөгчийн үгэнд орох уу гэдэг асуулт гарч ирж байна. Айл гэрээр бол аав нь хүүдээ хэлэх үгээ хэлсэн, хүү аавыгаа хэрхэн хүндэлдгийг одоо харах л үлдлээ. Уг нь төдийгөөс өдий хүрсэн түүхийг сөхвөл С.Баярцогтод улс төрийн совест бий. 
 
Тодруулбал, одоогоос ердөө гурван жилийн өмнө УИХ-ын дэд даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн түүхтэй. Учир нь Монгол Улсын номер хоёрын дараагийн албан тушаалыг хашдаг байсан тэрбээр гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь ийнхүү зөөлөн сэнтийгээсээ сайн дураараа буухад хүргэсэн юм. 
 
Асуудал нэгэнт ил болсон үед тэрбээр оффшор бүс дэх сая ам.доллараа “мартсан” хэмээн мэдүүлж амь гарсан. Ийн хэлэхийн учир нь тухайн үед “давхар дээл”-тэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргын албан тушаал хашиж байсан юм. Гэсэн ч УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч, УИХ-ын гишүүн хэвээрээ буюу төрийн хамгаалалтад үлдэж байсан түүхтэй. 
 
Хэдий өөрөө хүсэлт гаргаж, нэг дээлээ тайлсан ч нөгөөхөөс нь зуурч үлдсэн нь олон хүний эгдүүг хүргэсэн. Тэр бүү хэл, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж байсан ч улс төрд олон жил явсан хашир хүний хувьд тэгэсгээд асуудлыг намжааж байсан нь саяхан. Гэсэн ч өнөөдөр дахиад л “давхар дээл”-тэй болсон. 
 
Хоёр жил дан гишүүн явсан нь хангалттай гэж үзсэн бололтой, өнгөрсөн оны сүүлээр Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, олон жил шадарласан нөхөр нь буюу Ч.Сайханбилэг Засгийн газрыг тэргүүлж багаа бүрдүүлэх үед Хэрэг эрхлэхийн дарга буюу гал тогоог нь хариуцаж авсан. Өөрөөр хэлбэл, түүнд “давхар дээл”-тэй явах сонирхол ямар их байдгийг энэ үйл явц гэрчилнэ.
 
Харин өнөөдөр түүний өнгөрсөн муу түүх дахин сөхөгдөөд зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч “Төрд гай болж байгаа”-г зарлаж орхив. Бүр болоогүй “Сонгуульд нэр дэвших хэрэггүй” гэсэн байх юм. 
 
Харин хоёр жилийн ой санамжтай, хариуцлага хүлээхэд энэ хугацаа хангалттай гэж үздэг гишүүн Төрийн тэргүүний үгэнд орох эсэх нь тун эргэлзээтэй. Үүний нэг жишээ нь ЗГХЭГ-ын дарга өнгөрсөн амралтын өдрүүдэд худалдааны төвийг нээх шийдлээр тойрогтоо ажилласан явдал юм.
 
Одоо л АН-ынхны эв нэгдэл, Төрийн тэргүүний зангараг харагдана. Дээрээс нь С.Баярцогтын улс төрийн соёл хэр байгааг давхар харж болох нь. АН-аас нэр дэвшиж Төрийн тэргүүн болсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хоёрын “тулаан” хэрхэн өрнөж, байдал хаашаа эргэхийг харах л үлдлээ. 
 
Харин оффшор бүсэд сая ам.доллараа мартдаг С.Баярцогтыг Төрийн тэргүүн төрд гай болж байгааг зарлачихсан энэ үед тойргийнх нь сонгогчид түүнийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг тун сонин. 
 
Түүний оффшор бүсийг, хариуцлага тооцох эсэхийг нийслэлийнхэн биш орон нутгийнхан лавлаж асуусан ийм нөхцөлд Сэлэнгийнхэн ч бас өөрсдийг нь төрд төлөөлдөг гишүүнтэй холбоотой муу мэдээллийг чих тавин чагнаж суугаа нь гарцаагүй.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: