sonin.mn
Эрхэм гишүүд болон томоохон албан тушаал хашдаг эрхмүүд рүү өчигдөр 12345 гэх дугаараас дуудлага ирсэн байна. Утсаа авахад нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “...Би С.Баярцогтод нэг зүйл хэлж байгаа.
 
Чи сонгуульд нэр дэвшихээ боль, чи хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүний ажил хийгээд яваа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ Монголын төр салж чаддаг байх ёстой. Тиймээс нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрчихсөн хүн УИХ-д дахиж нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа” хэмээн “ярьсан”  байна.
 
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхийлөгчийн энэ яриа нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн үг нь гэж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн бичлэг аж.
 
Хамгийн сонирхолтой нь энэхүү 12345 дугаараас хийсэн дуудлага Хятадынх гэж мэдээлэл бас байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “...12345 дугаараас залгаад Ерөнхийлөгчийн хоолойгоор ярив. Сонирхолтой нь холболт Хятадаас хийгдсэн байх” хэмээн жиргэжээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “...Энэ гаднаас ирдэг мессэжүүдийг ТЕГ илрүүлж зарламаар юм. Дээр бас утас руу 5К мессэж ирээд, ТЕГ эзнийг нь зарлаагүй” хэмээсэн юм.
 
Одоогоор холбогдох байгууллагууд үүний учрыг олохоор ажиллаж байгаа юм байна. Гэхдээ тэднээс урьтаад Нуна гэх нэртэй цахим хэрэглэгч “...Судлаад үзвэл Шанхай хотын иргэдийн санал гомдол авдаг дугаар байна. Нэг ёсондоо олон нийтэд үйлчлэх Засгийн газрын дугаар гэж болно” гэсэн мэдээллийг цацав. 
 
Сонгууль дөхсөн, улс төрийн бужигнаан ид явж байгаа үед С.Баярцогтын асуудлыг сөхөж, үүндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг оролцуулсан, тэр байтугай гадаадаас холбогдсон гэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
 
2014 оны аравдугаар сарын 23-24-нд эрхэм гишүүдийн хэрэглэдэг “Мобиком”, “Юнител”-ийн дугаараас Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессежийг иргэд рүү илгээсэн асуудал бий.
 
Үүнийг “Мобиком” корпорацийн гүйцэтгэх  захирал Дэвид Холлидэй “... Улс төрийн зохион байгуулалттай  гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг Румын болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэг программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай. Румын улсын “Водафон” үүрэн телефоны операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болох, Монгол Улсын үүрэн операторын сим карт юм уу, өөр төхөөрөмж  ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Энэ үйл явдалд “Мобиком” корпораци өөрсдийгөө буруутгахгүй. Хэн нэгний нэрийг ашиглаж, залилан хийсэнтэй адилхан зүйл боллоо” гэж тайлбарлаж байв.
 
Харин Х.Тэмүүжин гишүүн “...Шалгах үүрэг бүхий байгууллагууд нь ажлаа хийгээд үр дүнг нь гаргаад өгсөн гэж дуулдсан” гэсэн юм. Ийн гадаадаас Монголын улс төрөөр “оролдсон” ийм ноцтой явдал хоёр жилийн дотор хоёр удаа боллоо. Хэн, юуны учир ингэв гэдгийг олон нийтэд мэдээлэхгүй өмнөх шигээ бас л чимээгүй өнгөрөх үү. Эсвэл манай цагдаа, тагнуулын байгууллага үнэхээр илрүүлж чадахгүй байна уу гэсэн асуулт хариулт нэхэж байна
 
Энэ талар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг тагнуулын байгууллага хариуцна. Манайд энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга” гэв. Харин Тагнуулын ерөнхий газартай холбогдсон боловч тодорхой хариулт өгсөнгүй.
 
 
 
Б.Очир
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин