sonin.mn
Монгол Улсын Засгийн Газар 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд олон чухал ажил хийхээр төлөвлөсөн байж болох ч хэрэглэгч өөрсдөө эзэн байх бизнесийн загварыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах шиг үр дүнтэй, хэрэглэгчдэд тустай ажил үгүй санагдана.
 
Учир нь Мэргэжлийн хяналт, Гааль, Эрүүл мэндийн яам, Хорио цээрийн алба, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Хэрэглэгчдийг хамгаалах байгууллага зэрэг төрийн олон байгууллагын өнөө хэр шийдэж чадахгүй байгаа олон асуудлыг шийдэх өндөр чадавхи хэрэглэгчдийн хоршооллын загварт бий.  
 
-ХУЙВАЛДДАГГҮЙ ТОГЛОГЧ- 
 
Хэрэглэгчдийн хоршооллын онол нь капиталист нийгэм дэх хэрэглэгчдийн хоршооллын үүргийг тайлбарладаг. Төгс бус өрсөлдөөнт зах зээл дээр хэрэглэгчдийн эрх ашгийг хангасан худалдаа хийгдэх боломж хязгаарлагдмал юм. Хэрэглэгчид тус тусдаа зах зээлд хяналт тавих боломжгүй. Тэдний хувьд хоорондоо нэгдэн, зохион байгуулалтад орж, өөрсдийн бизнесийн байгууллагыг байгуулах нь зах зээлд нөлөөлөх цорын ганц боломж юм.
 
Хэрэглэгчдийн хоршоолол нь зөвхөн гишүүддээ төдийгүй зах зээлд бүхэлд нь нөлөөлөх чадвартай. Мөн төгс бус өрсөлдөөнт зах зээлээс бий болох өндөр үнэ, чанаргүй бараа бүтээгдэхүүн, тогтворгүй хангамж зэрэг гажуудлуудыг засах өндөр чадавхи хэрэглэгчдийн хоршоололд бий.
 
Хөрөнгө оруулагч нь эзэн байдаг уламжлалт бизнесийн загвар нь ашгийн төлөө ажилладаг. Харин хэрэглэгч нь эзэн байдаг бизнесийн загвар нь хэрэглэгчдийнхээ хүртэх үр өгөөж, ашиг тусын төлөө ажилладаг. Хоёр өөр ашиг сонирхлыг төлөөлдөг учраас тэд хоорондоо хуйвалдах боломжгүй. Хуйвалдаанд оролцдоггүй тоглогч зах зээлд хүчтэй байх нь монополиудыг хазаарлах боломжийг олгодог.
 
Зах зээлийн 10-20 хувийг эзлэхэд л хэрэглэгчдийн хоршоолсон групп зах зээлийг бүхэлд нь хянах  боломжтой болдог ажээ. Энэ бол монополиудыг номхруулах, тэдний дур зоргыг хазаарлах хүч юм. Бусад тоглогч зах зээл дээр байр сууриа алдахгүйн тулд хүссэн ч, хүсээгүй ч үнээ буулгаж, чанар аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн худалдаалж, үйлчлүүлэгчдийнхээ санаанд нийцсэн үйлчилгээ үзүүлэхээс аргагүй байдалд хүрнэ.
 
Өнөө үед хэрэглэгчдийн хоршоолол нь хүнс өргөн хэрэглээ, банк, даатгалын салбарт зонхилон хөгжиж байгаа билээ. Мөн тухайн улс орны хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагаас хамаараад, орон сууц, эрчим хүч, дулаан хангамж, боловсрол, халамж, эрүүл мэнд зэрэг олон салбарт хөгжиж байна. Энэ удаад хүнс, өргөн хэрэглээний салбар дахь хэрэглэгчдийн хоршооллын талаар өгүүлэх болно.
 
-ДЭЛХИЙН ТУРШЛАГА- 
 
Баримт бол хамгийн сайн нотолгоо гэдэг. Доорхи мэдээлэл нь худалдааны салбарт хэрэглэгчдийн хоршооллын загвар ямар түвшинд хөгжиж байгааг харуулах болно. Хэрэглэгчдийн хоршоолсон группүүд энэ салбарт нийт дүнгээрээ 275 тэрбум долларын эргэлттэйгээр WalMart–ын (408 тэрбум доллар) дараа дэлхийн хоёр дахь том жижиглэнгийн худалдаалагч боллоо.
 
Уг жагсаалтыг Carrefour 138 тэрбум, Tesco 96 тэрбум, Metro Group 84 тэрбум долларын эргэлттэйгээр удаалж, эхний тавд багтжээ. Хэрэглэгчдийн хоршооллын хөгжлөөр дэлхийд Швейцарь, Сингапур, Финлянд, Дани, Норвеги, Швед, Эстони, Словак, Итали, Их Британи тэргүүлж байна.
Швейцарь: 4.5 сая хэрэглэгчийнхээ мэдэлд байх Migros, Coop Swiss гэсэн хоёр аварга хоршоолсон групп нь хүнс, өргөн хэрэглээний зах зээлийн 56 хувийг хангадаг Швейцарийн №1, №2  худалдааны сүлжээ юм.
 
Сингапур: 830 мянган хэрэглэгчийнхээ мэдэлд байх FairPrice хоршоолсон групп нь улсынхаа хүнс өргөн хэрэглээний зах зээлийн 55 хувийг дангаар хангадаг Сингапурын №1 худалдааны сүлжээ. Сингапурын онцлог гэвэл, хэрэглэгчдийн хоршооллын загварыг хөгжүүлэхэд төрөөс анхаарч, маш сайн дэмжиж өгсөн байдаг.
Финлянд: Хоёр сая хэрэглэгчийнхээ мэдэлд байх S-Group хоршоолсон групп нь зах зээлийн 46 хувийг хангадаг Финляндын №1 худалдааны сүлжээ.
Дани: 1.6 сая хэрэглэгчийнхээ мэдэлд байх FDB хоршоолсон групп нь зах зээлийнхээ 37 хувийг хангадаг Данийн №1 худалдааны сүлжээ.
 
Норвеги: 1.3 сая хэрэглэгчийн мэдэлд байх Coop Norge хоршоолсон групп нь улсынхаа хүнс өргөн хэрэглээний зах зээлийн 33 хувийг хангаж байна.
Швед: 3.2 сая хэрэглэгчийнхээ мэдэлд байх KF хоршоолсон групп нь зах зээлийнхээ 22 хувийг эзлэсэн Шведийн №2 худалдааны сүлжээ.
 
Эстони: 500 мянган хэрэглэгчийнхээ мэдэлд байх Coop Estonia хоршоолсон групп нь улсынхаа хүнс өргөн хэрэглээний зах зээлийн 20 хувийг эзэлдэг Эстоний №1 худалдааны сүлжээ. Ерэн онд зах зээлд шилжсэн энэ улс чухал салбартаа хэрэглэгчийг хамгаалах тогтолцоог маш амжилттай бий болгож чаджээ.
 
Словак: Coop Jednota хэрэглэгчдийн хоршоолсон групп нь зах зээлийнхээ 19 хувийг атгасан Словакийн №1 худалдааны сүлжээ. Энэ улс манайтай адил ерэн онд зах зээлд шилжсэн орон. Эстони, Словак улсуудаас суралцмаар, туршлага судалмаар зүйл их бий.
 
Итали: Coop Italia хэрэглэгчдийн хоршоолсон групп нь 8.1 сая хэрэглэгч гишүүнтэй ба зах зээлийнхээ 18.5 хувийг хангадаг Италийн № 1 худалдааны сүлжээ.
Их Британи: 9 сая хэрэглэгчийн мэдэлд байх The Co-operative Group нь Их Британий №5 худалдааны сүлжээ.  
 
Дээрхи орнуудаас гадна Испани, Вьетнам, Унгар, Чех, Израйл, Кипр, Япон зэрэг дэлхийн олон оронд хэрэглэгчдийн хоршоолол чухал байр суурь эзэлж байна. Тухайлбал, Испаний №4 сүлжээ Eroski, Вьетнамын №1 сүлжээ Saigon Coops, Унгарын №2 сүлжээ Coop Hungary (11%), Израйлийн №3 худалдааны сүлжээ Coop Israel бүгд хоршоолсон группүүд байна.
 
-ХОРШООЛСОН ГРУППЫН БҮТЭЦ-
 
Хэрэглэгчдийн хоршоолол нь том компаниудтай өрсөлдөхүйц, улс орныг бүхэлд нь хамарсан сүлжээг бий болгохын тулд хоёроос гурван түвшний зохион байгуулалтад орох хэрэгтэй. Иргэд эвлэлдэн нэгдэж, хөрөнгөө нийлүүлэн анхан шатны нэгж болох хоршооллоо байгуулна. Тэд байгуулсан хоршооллоо өөрсдөө шууд хянана, удирдана. Дунд түвшинд хоршооллууд нэгдэж бүс нутгийн хоршооллыг байгуулна. Хоёр түвшинтэй хоршоолсон групп үүсгэх ба энэ шатанд толгой группыг байгуулна. Гурав дахь түвшинд бүс нутгийн хоршоод нэгдэж, хөрөнгөө нийлүүлэн толгой хоршооллын группыг байгуулдаг. Толгой групп нь хувьцаат компани, төв хоршоолол, федераци, эсвэл холдинг компани хэлбэрээр зохион байгуулагдана.
 
Ингэж үндэсний хэмжээний үйл ажиллагаа явуулах бололцоо бүхий хоршоолсон группын загвар бий болно. Толгой групп нь гишүүн хоршооллуудаа зангидаж, нэгдсэн удирдлагаар хангадаг ба харилцан уялдаа бүхий цогц төлөвлөгөө гаргаж, санхүү, хөрөнгө оруулалт, хангамж, үйлдвэрлэл, маркетинг, борлуулалтын нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ.
 
-ШВЕЙЦАРИЙН ЗАГВАР- 
 
Худалдааны салбарт хэрэглэгчдийн хоршоололын загвар төгс хөгжиж байгаа орон бол Швейцари юм. Энэ оронд Migros, Coop Swiss гэсэн хоёр аварга хоршоолсон групп хүнс, өргөн хэрэглээний зах зээлд үнэмлэхүй ноёлж байна.
 
Migros хоршоолсон групп - Швейцарийн №1 худалдааны сүлжээг 2 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Нийт 94,300 ажилчидтай Мигрос групп нь Швейцарийн хамгийн том ажил олгогч байгууллага билээ. Тус группын мэдэлд 580 супермаркет, 1,952 (тавилгын, спортын барааны гэх мэт) төрөлжсөн дэлгүүр, гадаадад 283 салбар дэлгүүр, 191 ресторан, 311 шатахуун түгээх станц, Швейцарийн №8 банк Migrosbank, ложистик ачаа эргэлтийн том төвүүд, мэдээлэл холбооны төвүүд байна. Мигрос групп нь 25 үйлдвэртэй бөгөөд эдгээр үйлдвэртээ худалдааны сүлжээгээ хангах 20 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
 
Засаглал, бүтцийн хувьд, Мигрос нь Аарэ, Базел, Женев, Зүүн Швейцари, Люцерн, Цюрих, Валис, Ньюшател-Фрайбург, Во, Тишино гэсэн арван том хоршооллоос бүрдэх хоёр түвшинт федерацийн бүтцээр зохион байгуулагдсан байдаг. Эдгээр арван хоршоолол тус бүрдээ бие даасан төлөөлөгчдийн хуралтай, ТУЗ-тэй, гүйцэтгэх удирдлагатай ба Федерацийн Төлөөлөгчдийн Ассемблейд 111 төлөөлөгчийг сонгодог. Төлөөлөгчдийн Ассемблейгээс 23 хүнийг Захирлуудын Зөвлөлд сонгодог. Захирлуудын Зөвлөлөөс Гүйцэтгэх удирдлагыг томилдог. Гүйцэтгэх удирдлага группыг удирдана.
 
Coop Swiss хоршоолсон групп - Швейцарийн №2 худалдааны сүлжээг 2.5 сая үйлчлүүлэгч нь өмчилдөг. Нийт 77,100 ажилчидтай тус группийн мэдэлд 837 супермаркет, 749 төрөлжсөн дэлгүүр, 115 бөөний худалдааны төв, 23 ресторан, 62 эмийн сан, 3 зочид буудал, 284 шатахуун түгээх станц бий. Coop Swiss нь өөрийн худалдааны сүлжээгээ хангах 10 үйлдвэртэй. Швейцарийн №1 гурилын үйлдвэр (Swissmill), мөн Швейцарийн №1 мах боловсруулах үйлдвэр (Bell) тус группийн мэдэлд байна.  
 
-НУРУУГАА АВАХУУЛСАН МОРЬ-
 
Монголын хүнс, өргөн хэрэглээний салбарт өнөөг хүртэл шийдэж чадахгүй байгаа хоёр том асуудал бий.
 
Нэгдүгээрт, чанар, аюулгүй байдал. Хүнсний аюулгүй байдал өнөөдөр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ. Худалдаж авч байгаа бүтээгдэхүүн маань эрүүл, баталгаатай, чанартай, хураамч биш гэх итгэл бидэнд үнэндээ алга.  Бидний хэрэглэж буй гурилан бүтээгдэхүүнд чихэр орлуулагч, транс тос байгаа эсэх, жимс, ногоо химийн хортой бордоогоор бордогдсон эсэх, сүүнд меламин (хортой будаг) хийсэн эсэх, хиаманд натрийн нитрат байгаа эсэх, өсөлтийн гормоны өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхийг хэн ч хэлж чадахгүй.
 
Мөнгө л олж байвал хүнд хор болох эсэх нь хамаагүй гэх бодолтой худалдаачид, үйлдвэрлэгчдийн балагаар олон мянган хэрэглэгч эрүүл мэндээрээ хохирсоор байна. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг  хамгаалах үүрэгтэй Монголын төр энэ ноцтой асуудлыг шийдэх чадваргүй байгаа нь бүр эмгэнэлтэй.  
 
Хоёрдугаарт, үнийн хөөрөгдөл. Зах зээлд шилжсэн цагаас л хэрэглэгчид нуруугаа авахуулсан морь шиг үнийн дарамтанд талхилагдаж ирлээ. Цалин, тэтгэвэр нэмэх сургаар, баяр ёслолын үеээр, бензин шатахууны үнэ нэмэгдсэн, долларын ханш өссөн төдийд хүнс барааны үнэ бодит өсөлтөөсөө хэд дахин өсдөг хачин гажуудал бий болсоор удаж байна.
 
Энэ гажуудлын гороор Монголчууд биднээс 10-20 дахин өндөр орлоготой баян чинээлэг орнуудын иргэдтэй адил үнээр, харин манайтай ойролцоо орлоготой орнуудын иргэдээс даруй 2-3 дахин өндөр үнээр хүнс бараагаа залгуулж байна. Одоо ч энэ гажуудал үргэлжилсэн хэвээр. Өнгөрсөн жил гурилын хомсдол үүсч магадгүй гэсэн шуугиан үүссэн төдийд талхны үнэ 150-300 төгрөгөөр өсч байх жишээтэй. Ийм л эмзэг тогтолцоонд бид амьдарч байна.
 
Үүнээс гадна барааны гарал үүслийг худал мэдээлэх, бүтээгдэхүүний жин дутуу байх, орц найрлагыг зориуд буруу бичих, хугацаа нь дууссан хүнс бараа худалдаалах, төөрөгдүүлсэн худал сурталчилгаа явуулах зэрэг маш олон ноцтой зөрчлүүдийг дурьдаж болно. Хэрэглэгчдийг хохироодог зөрчил, булхай, луйвруудыг тоочвол хар жагсаалт дуусахгүй.
 
Тэгэхлээр одоо яах вэ? Бид юу хийх ёстой вэ?, Цаашид бид юу хийж чадах вэ? гэсэн асуултад хариулах хэрэгтэй. Тэгвэл энэ бүхнийг засах магадгүй цорын ганц шийдэл нь “хэрэглэгч эзэнтэй бизнесийн загвар” байж мэдэх юм.
 
-МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ- 
 
Монголд хоршооллын загварыг хөгжүүлснээр 330 сум, аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг томоохон хотыг хамарсан 400-500 дэлгүүр, супермаркет бүхий үндэсний хэмжээний сүлжээг бий болгох боломжтой. Мөн хэрэглэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр ирсэн шатахууны худалдаа, эмийн худалдаа зэрэг чухал салбаруудад хэрэглэгчид хяналтаа тогтоох боломжтой. Ингэснээр Монголчууд бидэнд  доорхи үр нөлөөг авчирах болно.
 
Үүнд:
Үнэ. Хорин таван жил жолоодлогогүй хөөрөгдөж ирсэн үнийг хянах боломжтой болно. Хэрэглэгчид төрд найдахгүйгээр өөрсдөө зах зээлээ хянадаг тогтолцоо бий болно. Үнийг зах зээлийн аргаар хянах бололцоо үе үеийн засгийн газарт байгаагүй. Харин бизнесийн энэ загвар  Монголын төрд нэг толгойны өвчнөөсөө амархан салахад туслах болно. Ямар ч төрийн хүсмээр зүйл энэ биш гэж үү?!
 
Чанар, аюулгүй байдал. Хамгийн сайн хяналтыг хэрэглэгчид өөрсдөө тавьж чадна. Тэд өөрсдөд нь ямар хүнс бараа хэрэгтэйг, ямар хүнс бараа  чанартайг хамгийн сайн мэднэ. Хэрэглэгчдийн хоршооллын загвар тэдэнд энэ боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл чанарын хяналтын хамгийн сайн систем бол хэрэглэгчдийн хоршооллын загвар юм. Хүний амь нас, эрүүл мэнд мөнгөөр үнэлэгдэхгүй. Төр гурван сая иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхдээ Монголын төр хэрэглэгчдийн хоршооллын загварыг ашиглах нь хамгийн үр дүнтэй арга байх болно.
 
Монополь. Нефтийн компаниудын хуйвалдаан, том супермаркетуудын хэрэг, үүрэн телефоны операторуудын хэрэг зэрэг олон хэргүүд чимээгүй замхарсаар. Монополиудын ноцтой зөрчил, үгсэл, хуйвалдааныг шалгах, хариуцлага тооцох, зөрчлийг арилгуулах үүрэгтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар монополиудтай тэмцэх чадваргүй гэдгээ хангалттай харууллаа. Мөн төрийн хяналтын нүсэр байгууллага болох МХЕГ жижиг бизнес эрхлэгчиддээ л сүрийг үзүүлдэг болохоос том акулуудын өмнө ердөө л дуулгавартай зарц төдий. Төр монополиудын өмнө хүчгүй байна. Хэрэглэгчдийн хоршооллын загварыг хөгжүүлсэнээр монополь компаниудыг дуулгавартай болгож, тэдний дур зоргоороо авирлах боломжийг хаах болно.  
 
Баялгийн хуваарилалт. Дундаж монгол айл хүнс өргөн хэрэглээндээ  сард 200 мянган төгрөг, жилд 2.4 сая төгрөг зарцуулдаг. Энэ зардлаас айл өрхөд жилд 400-500 мянган төгрөгийг хэмнэлт болгон үлдээх үү, үгүй юу. Монгол улс 760 мянган өрх айлтай. Монголчууд хүнс өргөн хэрэглээндээ жилд 1 их наяд 874 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ дүнгээс 340 тэрбум төгрөгийг 760 мянган айл өрхөд хэмнэлт болгон үлдээх үү, үгүй юу. Цаана нь бензин шатахуун, эм тариа зэрэг өрхийн амьжиргаанд жинтэй тусдаг зардлуудыг тооцож, тэндээс тухайн өрхөд хэмнэлт болж үлдэх мөнгийг тооцвол бүр том тоо гарах нь тодорхой.
 
Боловсрол. Өнөө цагт ухаалаг хэрэглэгч байхын тулд эрүүл мэндийн өндөр боловсрол шаарддаг болсон. Энэ боловсролыг олгох хамгийн сайн дэд бүтэц бол хэрэглэгчдийн хоршоолол юм. Монголын төр иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгоход чамгүй их хөрөнгө зарж, олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн. Гэсэн ч үр дүн нь хүссэн хэмжээнд байж чаддаггүй.  Харин төр хэрэглэгчдийн хоршооллын загварыг дэмжиж, тэдэнтэй хамтарч ажиллавал маш үр дүнтэй байх болно.
 
Нийгмийн капитал. Хүмүүс, нийгмийн бүлгүүдийн хоорондын харилцаа идэвхитэй, итгэлцэл өндөр, эв нэгдэлтэй байх нь хүмүүсийн хамтын ажиллагааг дэмждэг. Үүнийг  нийгмийн капитал гэдэг. Нийгмийн капитал бол хүмүүс хамтарч эрх ашгаа хамгаалах, асуудлаа хамтын хүчээр шийдэх, бие биендээ туслах, хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагаанд оролцох суурь хөрс юм. Хэрэглэгчдийн хоршоолол нь хүмүүсийн хамтын ажиллагааг дэмжиж, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр чадавхитай.
 
Эцэст нь хэлэхэд, хэрэглэгчдийн хоршоолол бол үл биелэх социалист суртал биш. Энэ бол зах зээлийн нийгэмд ажилладаг бизнесийн нэг загвар юм. Үүнийг амьдрал дээр амжилттай хэрэгжүүлж чадсан олон улс орон байна. Эдгээр орнуудын туршлагаас суралцаж, хэрэглэгчдийн хоршооллын загварыг Монголдоо хөгжүүлэх нь бидний нийтлэг эрх ашиг биш гэж үү?!
 
 Г.Энхнаст
Судлаач, эдийн засагч