sonin.mn
Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим өнгөрсөн 4 дүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, холбоотой мэдээллийг иргэдээс авахаар зарласныг бид өмнө мэдээлсэн.
 
Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийж, цогцос хэн болохыг тогтоож, гэмт этгээдүүдийг олж, шалгаж байна гэж мэдэгдлээ.
 
Шатсан байдалтай олдсон цогцсын мөрөөр идэвхтэй эрэн сурвалжилсны дүнд хохирогч Улаанбаатар хотод оршин суух 53 настай, эрэгтэй Б болох нь тогтоогдсон байна. Хохирогчийг иргэн Н гэгч  хутгалан амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн зөөвөрлөж шатаасан болох нь мөрдөн байцаах ажиллагаагаар тогтоогджээ. Хохирогч Б-г өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр “Булгийн тохой” гэх газарт байсныг иргэн Г, Х нар харсан боловч цагдаагийн байгууллагад хандалгүй хугацаа алдсан.
 
Энэ үйлдэл нь иргэн Г, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246-р зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж, саатуулахад хүргэснийг бас мэдээллээ. Иргэдэд анхааруулан хэлэхэд гэмт хэргийн талаар мэдсэн, харсан даруйдаа цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагад мэдэгдсэнээр гэмт этгээд ял завших, оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд нөлөөтэй байдгийг энэ үеэр анхаарууллаа. Мөн дээрх хохирогчийг яг хэн хөнөөсөн, түүний хамсаатныг тодруулах ажиллагаа хийж байна гэдгийг  ЦЕГ-ын мөрдөн байцаах газрын мэдээлэлд онцлов.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг