sonin.mn
УИХ нь татан буугдсан банкыг өөрчлөн байгуулах тухай тогтоол гаргасан байгаа нь хачирхалтай. Яагаад гэвэл, “Зоос” банкыг “А” гэдэг залуу гэж бодъё. Гэтэл аль хэдийнэ нас барсан эрийг амь оруулаад царайлаг бүсгүй болгох мэс засал хийх хэрэгтэй болж байх шиг.
 
Ер нь “Зоос банк” хувьцаат компанийг хэрхэв гэдэг нь тодорхой шийдэлд хүрээгүй байгааг албаны эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч гэх эрхмийг эргүүлэн татах эсэхийг асуудлыг хэлэлцэж байгаа бололтой. Арилжааны банкны системийг унагахгүйн тулд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр 100 хувь дааж тухайн үеийн эрсдлийг хаасан хэмээн учир мэдэх нэгэн тайлбарлав.
 
 

 

 

 
АЛАГЧЛАЛ
 
 
 
Тухайн үед “Зоос банк”-ны хувьцаа эзэмшигчдэд “Компанийн тухай хуулиар энэ компани дампуурсан учраас хувьцаанд оруулсан хөрөнгийг гаргаж өгөх боломжгүй” хэмээж байсныг жижиг хувьцаа эзэмшигч М.Ганболд хэлэв. Үнэн хэрэгтээ компанийг дампуурсан эсэхийг зарлахдаа Компа­нийн тухай хуулиар шийддэг. Гэтэл “Зоос банк” хувьцаат компанийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн Банкны тухай хуулийг баримтлах нь өрөөс­гөл мэт. Гэхдээ тухайн компанийн үндсэн үйл ажиллагаанаас ха­маардаг болохыг Сан­хүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ хэлсэн юм.
 
 
 “Алга болсон” “Зоос” банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын хохирлыг Банкин дахь мөн­гөн хадгаламжид ба­талгаа гаргах тухай хуу­лиар хамгаалсан байна. Энэ хуулийн зорилт нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хан­гах зорилгоор арилжааны банкин дахь мөнгөн хад­галам­ж­ид төрөөс баталгаа гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буй. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн бонд борлуулж хөрөнгө босгон “гүүр банк” хэмээн нэрийдсэн “Төрийн банк”-аар дамжуулан “Зоос” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулсан ажээ.
Гэтэл хувь нийлүүлэгч буюу хувьцаа эзэмшигчид хаалганы цаана үлдчихээд байгаа юм.
 
“Зоос” банкыг татан буулгаж, өөрчлөн байгуулснаар нэн тэргүүнд хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалсан байдаг. Энэ нь Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйл буюу Төлбөр барагдуулах дараалалтай холбоотой гэнэ. Гэвч Зоос банкыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэрийг 2009 оны арваннэгдүгээр сард гаргахдаа 1996 онд батлагдсан Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан албадлагын арга хэмжээ авсан байгаа юм. Үүний дараа буюу 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Банкны тухай хуулийг шинэчлэн найруулсан байна. Ийнхүү шинэчлэл хийж байхдаа ч хувь нийлүүлэгчийг хөсөр хаясан хэвээр.
 
Хамгийн гол нь жижиг хувьцаа эзэмшигчийн тухай яриа гарах бүрт Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлийг баримтална хэмээн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн үздэг байна. Банкны тухай хууль дахь 64 дүгээр зүйлийг эргүүлэн харвал, 64.1.2.банкны эрх хүлээн авах үйл ажил­­лагааны зардал, 64.1.3.банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөрийг бараг­дуулах юм байна. Мөн 64.1.4 хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөрийг төлөх аж.
 
Харин энэ хуульд 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн заалт нь 64.1.5.иргэний харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөрийг барагдуулна гэсэн байна. Эл өдөр 64.1.6.хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр, 64.1.7.бусдаас олгосон зээлийн төлбөр, 64.1.8.бусад өглөгийг барагдуулах тухай заалтыг ч мөн оруулжээ. Ингээд 64.4 дэх зүйлд “Энэ хуулийн 64.1-д заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх эд хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд хувьцааны давуу ба ердийн эрх гэсэн дарааллаар хувь тэнцүүлэн хуваарилна” хэмээн заажээ.
 
ШООВДОРЛОГСОД
 
Одоогоор “Зоос банк”-ны харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирлоо бүрэн барагдуулсан байна. Тухайн үед хувь нийлүүлэгч болж байсан 627 хүний нэг тэрбум 60 гаруй сая төгрөг болон Засгийн газрын бондын үлдэгдэл 58 тэрбум төгрөгийн авлага “Зоос банк”-нд хамаарч буй.
 
Гэхдээ Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр дээрх хувь нийлүүлэгчдийн хохирлыг барагдуулах тухай асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа санал болгон хэлэлцүүлж байсан ч Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлийг баримтлана хэмээн “Хуулиас давсан шийдвэр гаргаж, буруу жишиг тогтоохгүй” гэдэг хатуу байр сууриас хандаж байсныг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ хэлж байна. Мэдээж хуулиас давсан шийдвэр гаргахгүй гэдэг зөв. Гэвч 2009 оноос хойш 2-3 удаа Банкны тухай хуульд өөрчлөлт оруу­лахдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хо­хирлыг барагдуулах талд анхаарлаа хандуулах боломж байсан болов уу. Харин энэ боломжийг ашиглаагүйгээр барахгүй, хүсэхгүй байгаа мэт.
 
Ер нь л санхүүгийн зах зээлийн тулах багана болсон арилжааны банк, хөрөнгийн зах зээл хоёрт гарын алганы хоёр тал шиг өрөөсгөл хандсаар ирснийг шинжээч, судлаачид хэлж байгаа юм. Тэд “Төрд итгэж байна. Уг нь хөрөнгийн зах зээл хувь хүний инновац дээр хөгжддөг. Гэтэл Монголын хууль эрх зүй нь хөрөнгийн зах зээлийг “хэт зохицуулалттай” болгосон учир ажил санаачилж хийсэн нь буруудах гээд байдаг тал бий. Гэхдээ одоо Төрийн тэргүүнээсээ авахуулаад санхүүгийн зах зээлийг либералчлая гэж ярьж эхлэж байгаа нь сайны эхлэл” хэмээн найдсаар... Харамсалтай нь хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах ажил хаалттай хаалга мөргөсөн хэвээр.
 
БАЙГАА ОНООГҮЙ СУМ
 
“Зоос банк” дампуурах нь гэх чимээ чих дэлсэх зуур “Зоос” банкны 25 хувийг Европын сэргээн босголт хөгжлийн банк эзэмшлээ хэмээн хүмүүсийн айдсыг төөрөгдүүлэв. Энэ чимээнээр “Муу юм холуур өнгөрөх нь хэмээн найдсан хувь нийлүүлэгчид хувьцаа авсаар” байснаа хэлж байлаа. “Зоос банк” хувьцаат компанийн хувь нийлүүлэгч Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М.Ганболд “Анх хувьцаа гаргаж байх үед хоёр сая орчим төгрөгийн хувьцаа авсан. Бас тус банкны хадгаламж эзэмшигч байсан. Банк дампуурсан тэр үед миний хадгаламж дахь мөнгийг хувьцаа эзэмшигч учраас царцааж байна гэж хэлсэн. Харин нэг сар гаруй хугацааны дараа дансыг маань нээснээр би мөнгөө гаргаж авсан ч хувьцаанд оруулсан мөнгөө авч чадаагүй. Нэ­гэнт дампуурсан болохоор би хувьцааны эрсдлээ үүрч байна гэж бодсон.
 
Гэхдээ сүүлд үйл явцыг ажиглаж байхад дампуураагүй, өөрчлөн байгуулагдаж “Төрийн банк” болсон юм байна гэж ойлгосон. Гэтэл хувьцаа эзэмшигчдийнхээ хохирлыг барагдуулаагүй байж Төрийн банкыг хувьчлах тухай ярьж байгаад гайхаж байна. Ер нь төр энгийн иргэнийхээ асуудлыг шийдэж өгөх байх хэмээн найдаж байна” гэв. Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Ховдын иргэдтэй уулзах үеэр “Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг хэрхэн шийд­вэр­лэх гэж байгааг нь со­нирхсноо хэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд “Төрийн банк ашигтай ажиллаж байна. Цаашид ч том, том төслүүдийг хэрэгжүүлэх болно. Тэгэхээр “Зоос банк”-ны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэж хэлсэн байна.
 
Харин Сангийн сайд Б.Болор “Зоос банкны хувьцаа эзэмшигчдийн асуудлыг Санхүүгийн зөвлөл дээр ярьсаар байгаа. Шууд шийдвэр гаргах гэхээр тодорхой хууль тогтоомж зөрчих гээд байна. Бидэнд “Зоос банк”-ны асуудлыг нааштайгаар шийдвэрлэх итгэл үнэмшил бий. Дараагийн хуралд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцана” гэх жижүүрийн хуурай үгс чулуудав. Энэ мэтчилэн эрх мэдэлтнүүд “Зоос банк”-ны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг бараг­дуулна хэмээн бурц­гаах. Хачирхалтай нь “Зоос” банк “Төрийн банк” болж хувирсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хү­лээн зөвшөөрсөн бо­лолтой.
 
“ЗООС” ДАМПУУРААГҮЙ
 
“Зоос банк” дампуур­сан хэмээн бат найд­вартай итгэсэн учраас хувьцаа эзэмшигч Баянгол дүүргийн иргэн Б.Уртнасан “Анх “Зоос банк”-ны хувьцааг авч байхдаа гадаадад байсан. Хувьцааны ханш өссөөр байсан учраас өөр газрын хувьцаагаа зарж “Зоос”-ынхыг авсаар 25 гаруй сая төгрөгийн хувьцаа авсан.
 
Интернетээр “Зоос” банк дампуурч байна гэдэг мэдээллийг авч, байдлыг судлахад “Европын сэргээн босголт хөгжлийн банк” хувь нийлүүлэгч болж байгаа учраас дампуурахгүй гэдэг мэдээллийг Хөрөнгийн биржийн албан тушаалтан өгч байсан учраас итгэсэн хэрэг. Харамсалтай нь банк дампуурч би эрсдлээ үүрсэн” гэсэн юм. Гэвч алдсан хүн 10 тамтай гэ­дэг шиг яг ямар үйл явц болсныг судалсаар байж. Тэрээр “Зоос банк” хувьцаат компани дампуураагүйгээр барахгүй, өөрч­лөн байгуу­лагдсан гэдгийг мэдэж авснаар хо­хирлоо барагдуулахаар холбогдох газруудаас асууж сураг­ласаар байгаагаа учирлав.
 
Яалт ч үгүй “Зоос банк” хувьцаат компани дампуураагүйн баталгаа бий. Өөрөөр хэлбэл, 2015 оны тавдугаар сарын 5-нд “Зоос банк” ХК 2010-2014 оны жилийн хураамж болох 5201900 /таван сая хоёр зуун нэг мянга есөн зуун/ төгрөгийг Монголын Хөрөнгийн биржид төлжээ. Хэдийгээр арилжааг нь зогсоосон ч дампуураагүй учраас биржийн бүртгэлээс хасдаггүй аж. Тиймээс тус компани бүртгэлд өөрчлөлт орсон хувьцаат компанийн жагсаалтын 52, 53 дугаарт ZSB “Зоос банк” ХК хэмээн бүртгэлтэй байгаа юм. Эндээс харвал Сангийн яам санхүүгийн зах зээлийн хоёр баганынхаа нэгийг нь шоовдорлоод байх шиг.
 
 
 
 
 
2015 оны тавдугаар сарын 5-нд “Зоос банк” ХК 2010-2014 оны жилийн хураамж болох 5201900 /
таван сая хоёр зуун нэг мянга есөн зуун/ төгрөгийг Монголын Хөрөнгийн биржид төлжээ.
 
 
 
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин