sonin.mn
Ойрын үед Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, тэ рдороо хайлан урсаж, уруйн үер үүсгэж болзошгүй болсон талаар  ОБЕГ-аас урьдчилан анхааруулж байна.
 
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр тавдугаар сарын сүүл үеэр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин аажим буурч байгаа бол Дэлгэрмөрөн, Үүр голын ус хоногт 45-50 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 15 см даван үерлээд байна.
 
Хангай нурууны араас усны ундаргаа авдаг  Хануй, Чулуут, Суман, Хойд болон  Урд Тамирын голын усны түвшин хоногт 2-5 см нэмэгджээ. Мөн Идэр, Чулуут голын дагууд усны түвшин хоногт 25-80 см нэмэгдэж, ус судлалын Идэр-Их-Уул харуул орчимд үерийн аюултай түвшинг заажээ.  Идэр гол  ч үерийн түвшинд хүрч,  15 см-ээр даван хүчтэй үерлэсэн байна.
 
Идэр, Хануй, Чулуут, Суман гол арав хоногийн дунджаараа 2015 оны мөн үеийнхээс 10-65 см ахиу, харин Хойд  Тамирын голын хувьд 10-20 см бага бол олон жилийн дундаж түвшнээс Идэр, Урд Тамирын  гол 10-50 см ахиу байна. Сэлэнгэ мөрний  усны түвшинч гэсэн  хоногт 5-15 см нэмэгдээд байгаа гэж энэхүү анхааруулгад онцолсон байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг