sonin.mn
Уг нь манай улсын хөдөлмөр эрхлэгчдийн тал хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг.  Гэтэл тэд хөдөлмөрийн харилцаанд олон зүйл дээр гадуурхагддаг байна. Наад захын жишээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан ажлын байрны талаарх зарыг судлаж үзэхэд ажлын байрны хоёр зар тутмын нэг нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байсан бөгөөд 90.7 хувь нь насны хязгаарлалт тавьсан байна.
 
Иймд эмэгтэй ажилтнуудын эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхийн баталгааны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх арга зам, гарцыг тодорхойлон холбогдох шийдвэр гаргах түвшний байгууллагад уриалга, шаардлага хүргүүлэх зорилгоор МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороо "Эмэгтэйчүүд-Эрүүл аюулгүй ажлын байр" сэдэвт чуулга уулзалтыг өнгөрсөн баасан гаригт “Сонгино” амралтад зохион байгуулж 19 аймаг, нийслэл, 12 салбарын ҮЭ-ийн
холбоодын 120 гаруй төлөөлөгч оролцжээ.
 
Уг чуулга уулзалтад МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭХ-ны өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай” мэдээлэл хийж МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны дарга, ХНБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг “Эмэгтэй ажилтнуудын эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах эрхийн баталгаа өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" сэдвээр үндсэн илтгэл, Хөдөлмөрийн яамны ХХБЗГ-ын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ХАБЭА-н хуульд орсон өөрчлөлт”, МХЕГ- ын Хедөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд тавигдах эрүүл ахуйн шаардлага" сэдвээр тус тус илтгэл тавьжээ.
 
Манай улсын хөдөлмөр эрхлэгчдийн 52,3 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдэд цалин хөлс бага, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагддаг, жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөө авсны дараа ажлын байрны баталгаа алдагддаг, энэ үеийн тэтгэмж маш бага гэх мэт олон асуудал тулгамддаг гэдгийг Ц.Отгонтунгалаг илтгэлдээ дурджээ.
 
Мөн тэрээр “Манай Үндсэн хуульд “Хүн бүр ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж заасан байдаг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан ажлын байрны талаарх зарыг судлаж үзэхэд ажлын байрны хоёр зар тутмын нэг нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байсан бөгөөд 90.7 хувь нь насны хязгаарлалт тавьсан байна.
 
Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 14.3 хувиар бага байна. Цалин өндөртэй салбарт эрэгтэйчүүд давамгай ажилладаг. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийн ачаалал их байна. Энэ оны эхний таван сарын нийт 164 эмэгтэй МҮЭХ-ны Хууль зүйн зөвлөгөө өгөх төвд хандаж зөвлөгөө авснаас ажил олгогч нь НДШ-ийг төлж баталгаажуулаагүйгээс жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар 18 хүн, мөн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажлаас үндэслэлгүйгээр халсан талаар 39 хүн, ажилдаа орох гэхээр хүүхдээ 2 нас хүртэл хар гэж тулган шаардах, эсвэл ажилд нь эргүүлж авахгүй байгаа талаар 45 хүн хандсан байна.
 
Ажлын байрны бэлгийн дарамт нь хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд 3 эмэгтэй тутмын 1 нь ийм дарамтад өртдөг, үүнээс болж эмэгтэйчүүд ажлын байран дээрээ айдас түгшүүрт автаж ажлын бүтээмж буурах, цаашлаад ажилгүй, орлогогүй болох, өөр ажилд шилжих, нэр төрөөрөө хохирдог” гэх мэт баримтуудыг дурдсан байна.
 
Мөн гэр бүлийн хүчирхиилэл нь ажилчид, ажлын байранд сөрөг нөлөөл үзүүлдэг учир олон улсын болон манай ҮЭ-үүд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр кампанит ажил өрнүүлж байгаа, Ази номхон далайн бүсийн зарим улсуудад судалгаа хийхэд ажлын байранд ажил олгогч, хамтран ажиллагчид, ҮЭ-ийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа ажилчдад сургалт мэдээлэл өгөх, мэргэжлийн байгууллагад зуучлан холбох, цалинтай чөлөө өгч ажлын байрыг хадгалах, ажлын хуваарь, байршлыг өөрчлөх зэрэг олон хэлбэрээр туслах боломжтой гэж 70 гаруй хувь нь үзсэн байдаг гэх зэргээр эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхэд сөргөөр нөлөөлдөг нөхцөлүүдийг шийдвэрлэж буй гадаад орны туршлагаас ч танилцуулсан байна.
 
Эх сурвалж "Хөдөлмөр" сонин