sonin.mn
Ховд хотын Такси үйлчилгээний төв талбайгаас тавдугаар сарын 22-ны 19 цагт Талын хашаанд очно гэж суусан хоёр залууг жолооч охин дээрэмчид гэж яахан төсөөлөх билээ. Тэд Талын хашаа ойртмогц жолоочийн хоолойг боож, машины жолоог авч чиглэлээ өөрчлөн хотоос гадагш хээр гарч охины хөл гарыг нь хүлж, орхин машиныг нь авч оргон зайлсан халдлага гарчээ.
 
Жолооч нь амь тэмцэн байж гарын хүлээсээ шүдээр тайлж, Бичигт багийн захын нэгэн айлд хоёр км шахам явган гүйн ирж, сайн санаат айлын хүн цагдаагийн газар хүргэж иржээ. 
 
Ховд аймгийн Цагдаагийн газар шуурхай ажилласнаар хоёр этгээд Улаанбаатар орж шинэ машиныг худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан нь бүтэлгүйтжээ.  Тавдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Зэрэг сумын төвд отож байсан цагдаагийн ажилтнуудын мэргэжлийн өндөр ур чадвартай, хурц хараанаас тэд мултарч чадсангүй. 
 
Охины эцэг, эх өндөр настнууд Ховд аймгийн Цагдаагийн газар, Зэрэг сумын цагдаагийн тасгийн ажилтнуудад талархаж сууна. Жолооч нар аа. Би хэнд үйлчилж байна гэдгээ гярхай ажиглаж, цаг хором тутам сэрэмжтэй байгаарай. 
 
Ховд аймагт түүхэнд гарч байгаагүй ийм нэгэн онц, хэрцгий зэрлэг балмад хэрэг гарсан нь залуу үеийнхэн сургуулийн наснаас эхлэн хүмүүжлийн асар их догодолтой, сургууль завсардсан, тодорхой эрхэлсэн ажилгүй, гудамжны тэнэмэл, хүн дүрст араатнууд олширсон гэлтэй. 
 
Тэр хоёр “алуурчин” эх хүн, эмэгтэй хүнээс гарч эхийн цагаан сүүгээр амласан байлтай. Гэмт этгээдүүд жолооч охиныг хөл, гарыг нь боож хог асгах цэг буюу Ховд хотоос алслагдсан /4-6 км-т/ орших ховдчуудын хэлдгээр “Хогийн харын” гүнзгийд аваачиж хаяхдаа нэг этгээд нь энэ мууг газар дээрээ алж булаад явъя, нөгөө этгээд нь Буянтын их голд аваачиж усанд хийе гэсэн зэвүүн үг сонсогдож байжээ. 
 
Гэвч тэд яаравчилж хэргийн газраас ул мөрөө арилгаж, түргэн хугацаанд машинаа авч оргон зайлахыг завдсан байна. Охин амьд үлдээхийг гуйж машин, 150 мянган төгрөгөө ав гэсээр амьд үлдэв. 
 
Нэг захаас нөгөө зах нь харагдахгүй уул, овоо шиг олон арван жилийн хур хог, хагархай шил, үзүүртэй хуучин төмөрийн хог, үхсэн мал, гахай шувууны сэг зэм, өмхийрч ялзарсан элдэв бохир дунд охиныг уут саванд хийсэн хог адил төмөр хүлэгнээс авч шидэхдээ охинд юу эс бодогдсоныг хэлж барахгүй харамсал. 
 
Охин бурхны ивээлээр амьд үлдэж, ус уух тавилантай ч сэтгэл санааны мөнхийн шарх арилахгүй бололтой. Шөнөд хагас нойртой хонодог болж. Дээрэмчдийн ар талын хамгаалалт хүчтэй. “Хогийн хар хүрэх замд тэд “Чи муу хаана ч хэнд ч хэлээд юу ч олж долоохгүй. Бидний ар талд Цагдаагийн ах байгаа гэсэн нь осолтой үг. 
 
Монгол төрийн алтан соёмбот тугийн өмнө тангараг өргөсөн цагдаагийн ажилтны хамгаалалтад, бүлэг хулгайч, дээрэмчдыг холбосон хар сүлжээ байж болзошгүй. Хууль хяналтынхан анхааралдаа авах асуудал. Тэд өмнө хэчнээн машин тэрэг хулгайлж, дээрэмдсэн бол. 
 
Одоо уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгаж байна. Бүлэг этгээд тус аймгийн Жаргалант сумын харьяат Пүрэвсүрэнгийн Барсүрэн, Мягмархүүгийн Давааням нар гэдгийг тогтоожээ.
 
С.Нурбек
Эх сурвалж: