sonin.mn
ВАШИНГТОН./ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Дональд Трампыг буудахаар завдаж байсан гэдгээ Трампын зохион байгуулсан цуглааны үеэр цагдаагийн бууг булаан авахаар оролдсон этгээд хүлээжээ. Уг цуглаан өнгөрсөн амралтын өдөр Лас-Вегас хотод болсон юм.
 
19 настай, Их Британийн иргэн байж магадгүй Майкл Стивен Сэндфордыг шүүх хурал Невада муж улсын шүүхэд удахгүй болох аж.
 
Шүүхийн мэдэгдсэнээр, Майкл Стивен Сэндфорд гэгч этгээд өнгөрсөн бямба гарагт "Treasure Island" казинод Трампын зохион байгуулсан цуглаанд очжээ.
 
“Би нэр дэвшигчийн гарын үсгийг авах гэсэн юм” гэж тэрбээр хэлээд Лас-Вегасын нэгэн цагдаад ойртон бууг нь шүүрч авахыг завдсан гэх мэдээлэл байна.
 
Түүнд Их Британийн жолоочийн үнэмлэх байсан бөгөөд АНУ-д хагас жил гаруйн хугацаанд амьдарсан гэдгээ тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө хэлжээ.
 
Мөн тэрбээр “Би Трампыг буудах гэж нэг жил орчмын хугацаанд төлөвлөсөн. Эцэст нь одоо буудах нь зүйтэй гэж үзээд цуглаан болох газарт очсон” гэсэн байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг