sonin.mn
“Hero” энтертайнмэнт студийнхэн  “Зургадугаар сарын 24-ны 20.00 цагт тус студийн байранд цагдаа нар нэгжлэг хийж, байрыг нь битүүмжилсэн. Мөн студийн захирал Б.Баатараас байцаалт авахаар шөнийн 04.00 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дуудсан. Гэвч Б.Баатар одоо болтол сураггүй болчихлоо"” гэж өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийн хариуг ЦЕГ-аас бас албан ёсоор өглөө.
 
Нийслэлийн  Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар мэдээлэл хийсэн юм.  Түүний нотолж буйгаар, Монгол ардын намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Элдэв-Очир гомдол гаргасны дагуу прокурорын зөвшөөрөл авч Б.Баатараас тодруулга авахаар “Hero” энтертайнмэнтийн студид тус хэлтсийн хошуучаар ахлуулсан хэсэг очжээ.
 
Гэвч Б.Баатар " Би Баянхонгорт явж байна" гэх тайлбарыг утсаар  хэлсэн байна. Тухайн үед студид байсан н.Мөнх-Очир, н.Лхагвасүрэн нарыг байлцуулан цагдаагийнхан шалгалт хийх гэсэн боловч шөнийн 01 цагийн үед гэнэтхэн Б.Баатар өөрөө орж иржээ.  
 
Шөнийн  01.00 цагийн орчимд Баянхонгороос ирсэн  Б.Баатар студээ шалгуулахгүй гэсэн боловч бидний зүгээс аль нэг өрөөнд албадаж ороогүй. Тусгай кодтой хаалга руу орох ч боломж  байгаагүй. Ингээд шөнийн 02.00 цагийн орчимд студиэс явахдаа цагдаагийн хоёр албан хаагчийг урьдчилан сэргийлэх зорилгоор студид үлдээсэн.
 
Дараа нь Б.Баатар өмгөөлөгчийнхөө хамтаар тайлбар өгье гэж хошууч н.Солонго руу утсаар залгасан. Гэвч одоог хүртэл тэрбээр ирж тайлбар өгөөгүй байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс Б.Баатарыг баривчлаагүй, байцаагаагүй, ажлын байрыг нь ч нэгжинэ, элдэв юм хийнэ гэж албадаагүй байна” гэж цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар мэдэгдэв.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг