sonin.mn
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын сонгуулийн 60 дугаар тойргийн санал авах  гуравдугаар хэсгийн байранд 11:40 цагт гэргий О.Цолмонгийн хамт очиж санал өгсөн юм.  
 
Энэ үеэр тэрээр “Монголчууд улс орон, ард түмэн, өрх гэрийн хувь заяаны асуудлыг шийдвэрлэж байгаа учраас сонгуульдаа идэвхитэй оролцох хэрэгтэй. Нийт монголчуудад, сонгогчдод хандаж хэлэхэд та бүхэн сонгуульдаа маш идэвхитэй оролцож өөрсдийнхөө хувь заяаг зөв сонгоорой. Энэ удаагийн сонгуулийн хувьд өглөөнөөс эхлээд янз бүрийн зөрчил маш их гарч байгаа мэдээлэл ирж байна.
 
Тухайлбал, АН-ынхан архи тарааж байгаад, МАН-ынхан бөглөсөн саналын хуудас тарааж байгаад баригдсан байна. Энэ мэтээр луйвар булхай их гарч байгаа юм байна. Бид үүнийг ажиглаж байгаа. Зөрчлийг дор бүр нь мэдэгдэж сонор сэрэмжтэй байх ёстой юм байна.
 
Яагаад гэвэл ийм байдлаар таны, ард түмний саналыг луйвардаж магадгүй. Сонгууль анхнаасаа булхай луйврын сонгууль болж байгаа гэдгийг өмнө нь ч би хэлж байсан. Намайг, манай намын дэд дарга Э.Эрдэнэжамъяныг сонгуульд оролцуулаагүй. Дээр нь саналын хуудас дээр намуудын жагсаалтыг бичихдээ будлиантуулж олоход хэцүү байдлаар бичсэн.
 
Тиймээс сонгогч санал өгөхөд туйлын төвөгтэй байна. Санал өгөх хүнээ маш их эрж хайх хэрэгтэй юм байна. Тодруулбал, сонгогч тухайн намынхаа нэрийг олоод түүний доод талынх нь хүний өмнөх зуйван дугуйг бөглөх ёстой юм байна. Дээр, доор нь оруулаад будлиантай байдлаар бичсэнийг иргэд  иргэд хэлж байна.
 
Үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Сонгогчдын эрх ашгийг хамгаалах ёстой байтал сонгогчдыг үймүүлэх төөрөгдүүлэх байдлаар зохион байгуулж байгаад харамсалтай байна. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн ноцтой асуудал гарч байна.
 
Засгийн газар дээр монголын гол тэжээгч болсон Эрдэнэт үйлдвэрийг хувь хүмүүст борлуулсан байх жишээтэй. Энэ Ч.Сайханбилэгийн хувьд сайн мэдээ байх. Гэхдээ монголын ард түмэнд харамсалтай, гашуун мэдээ. Энэ бүхэн сонгуулийг далимдуулж Засгийн газар хууль бус шийдвэр гаргадаг жишээг харуулж байна” гэсэн юм.
 
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг саналаа өгөөд гарч ирэхэд саналаа өгөхөөр дугаарлаж байсан иргэд ээлжит бус чуулганыг өнөөдөр яаралтай хуралдуулж болох эсэхийг, зарим иргэд ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаж байгааг УИХ-ын дарга З.Энхболдод дамжуулж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.  
 
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “УИХ-ын дарга З.Энхболдод хандаж хэлье. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр яаралтай хуралдуулах ёстой.
 
Эсвэл маргааш өглөө яаралтай хуралдуулж Эрдэнэттэй холбоотой булхай шийдвэрийг таслан зогсоож ард түмнийхээ эрх ашгийг хамгаалъя. Энэ бол нэг намын асуудал биш болчихлоо. Ард түмэн улс орны эрх ашгийг хамгаалах  асуудал болчихлоо” гэдгийг онцолсон юм.
 
С.САРУУЛ
Эх сурвалж: www.polit.mn