sonin.mn
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааны 12.00 цагийн ирцийн мэдээг танилцуулж, үйл явцын талаар мэдээлэл өглөө. 
 
Улсын хэмжээнд нийт 1.912.901 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 12.00 цагийн байдлаар 430 мянга гаруй нь саналаа өгч, ирц 23.3 хувьтай гарчээ. Нийслэлийн хувьд ирц 18.3 хувьд хүрсэн байгаа юм. Мөн санал авах ажиллагааны үеэр хэд хэдэн ноцтой зөрчил гарч, арга хэмжээ авсан байна. Энэ талаар болон бусад асуудлаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-Нийслэлийн хувьд аймаг, сумаас хоцорч ирцийн мэдээгээ ирүүлж байна. Хариуцлагагүй байна гэж харагдаж байна?
 
-Нийслэлийн сонгуулийн хорооны ажилчидтай ярилцаж ирцийн мэдээгээ шуурхай өгөхийг анхааруулж байна. Ер нь эхний мэдээ сум, дүүргээс нэлээд хоцорч ирлээ. Санал хураалт явагдаж байхад иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны компьютэрээр авч байгаа учраас хүлээлт үүссэн байна.
 
-Өнгөрсөн сонгуулийн ирцтэй харьцуулахад хэр байна вэ?
 
-2012, 2013 онтой харьцуулахад ойролцоо байна.
 
-Хурууны хээ танихгүй байх тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд яаж зохицуулж байна вэ?
 
-Иргэний бүртгэлийн компъютэр дээр хурууны хээ танихгүй байна гэсэн гомдол ирсэн. Зарим газар компъютэр нь гацаж, зарим газар танихгүй байсан. Үүнийг УБСЕГ-тай ярилцаад бүртгэл мэдээллийн явуулын багаар тухай бүрт нь засварлуулж байна гэсэн хариу өгсөн. Мөн хэрэв хурууны хээ танихгүй бол Сонгуулийн тухай хуулийн 89.2-т зааснаар иргэний үнэмлэхийг нь үндэслэн бүртгэнэ.
 
-Автомат машинтай холбоотой гомдол ирж байна уу?
 
-Хэд хэд гарсан. Нэгдүгээрт Өвөрхангай аймгийн Төгрөг суманд тог тасарч машин гацаж, саналын хуудас гацсан тохиолдол гарсан. Тогны хэлбэлзлээс болж Хан-Уул дүүрэг, Увс аймагт автомат машин мөн гацсан. Тийм учраас тогны хэлбэлзлийг хянаж ажиллахыг үүрэг болгосон байгаа.
 
Үүнээс гадна хоёр ноцтой гомдол ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 71-р тойргийн 3-р хэсгийн хороонд нэг сонгогч автомат машиныг лацыг хуулж, саналын хуудсыг машинд уншуулалгүйгээр шууд дотор нь хийсэн тохиолдол гарсан. Үүнийг тагнуул, цагдаагийн ажлын хэсэг шуурхай ажиллаж зогсоосон.
 
Гэвч саналын хуудас дотогшоо орсон байсан. Яг ийм тохиолдол Баянгол дүүргийн 67-р тойргийн 14-р санал авах байранд гарсан. Тагнуул, цагдаагийнхан ийм ижил үйлдэл гарч байгаа нь санал өгөх ажиллагааг зориуд саатуулах, будилуулах зохион байгуулалттай оролдлого байж магадгүй гэж үзэж байна. Үүнийг шалгаж тогтоохоор ажиллаж байна.
 
-Саналын хуудсаа буруу бөглөчихөөд солиулах гэсэн иргэд бас гарч байна. Ийм боломж бий юу?
 
-Өөрийн алдаанаас болоод буруу дугуйлсан бол хуульд зааснаар нэг удаа саналын хуудсыг сольж авч болно. Саналын хуудсыг хуулийн дагуу програмчилсан учир илүү дугуйлсан хуудсыг хүлээж авахгүй.
 
Үүнээс гадна фейсбүүк, твиттэрээр “өөрийн үзгээ авч очоорой” гэж буруу зүйлд уриалсан мэдээлэл гарч байна. Дөнгөж цагдаагийн байгууллагаас манайд хандаж сонгуулийг будлиантуулах ийм мэт оролдлого гарч байна гэж мэдээлсэн.
 
-Зарим хэсгийн хороонд гадаадад байгаа иргэдийн нэрс орсон байна гэсэн гомдол гарч байна. Энэ нь сонгуулийн үр дүн нөлөөлөх үү?
 
-Энэ бол ирцэнд нөлөөлөхөөс саналын үр дүн нөлөөлөхгүй. УБСЕГ-аас гадаад явсан иргэдийг “түр хасав” тэмдэглэгээ хийсэн гэсэн. Хэрэв ийм тэмдэглэгээтэй иргэн ирвэл тэмдэглэгээг нь хасч саналыг нь өгүүлнэ гэж мэдээлсэн.
 
-Намууд, хувь хүмүүс сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээлэл хийдэг. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юу?
 
-Сонгуулийн дүн мэдээг нэгтгэн гаргаж нийтэд мэдээллэх бүрэн эрх хуулиараа зөвхөн Сонгуулийн Ерөнхий хороонд бий. Бусад этгээдэд ийм эрх байхгүй.  
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг