sonin.mn
Эм Си Эс группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал танаа
 
 
Сайн байна уу?
 
Би таньд болон танай компанид сэтгэл дотроо талархан явдаг хүний нэг. Дэлхийн хөгжлийг Монголд нутагшуулах гэж ачааны хүндийг үүрэн зүтгэж яваа цөөн хэдэн компаниудын маань түүчээ хэмээн.
 
Монголчууд бид шөлний хонио гаргаж идэхийн тулд ууц сүүлийг нь барьж үзэхээс эхлээд зөндөө л их шинжиж байж төхөөрдөг. Гэхдээ шөлний хонь бол цөөвтөр ам бүлтэй айлд үсрээд л сарын хоол. Өнөөдөр Монголчууд бид 3.0 саяулаа ирэх 4 жил, цаашилбал ойрын 20 жил ямар хоолтой байх вэ гэдгээ шийдэх хариуцлагатай түүхэн өдөр тул иргэд сонгогчид маань нэр дэвшигчдийг хазахаас наагуур шинжин байж саналаа өгч эхэллээ. 
 
Урьд урьдын сонгуулиас сонгогчдын ирц нэмэгдэх хандлагатай байгаа нь ард түмэн маань энэ удаагийн сонгуульд их ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл болов уу. 
 
Гэтэл “царцаа” гээч юм гараад ирлээ. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн өгсөн мэдээллээс үзвэл “ Нийтдээ 18,0 мянга гаран царцаанаас Архангайд 1341, Баянхонгорт 2261, Увсад 3300, Хөвсгөлд 2985 гаруй сонгогч шилжиж очсон байна. Үүнээс Баянхонгор аймгийн 9 дүгээр тойрогт 1900, Увс аймагруу шилжсэн 2277 иргэн зөвхөн 33 дугаар тойрогт, Хөвсгөл аймгийн тухайд 1100 иргэн 37 дугаар тойрогт , 1900 нь 39 дүгээр тойрогт шилжиж очсон ” байна.
 
Мөнөөх л Х. Баттулга, Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийн тойрогууд нүүж очсон царцаагаараа хол тасархай тэргүүлж байгаа гэнэ.
 
Эд нар маань зүгээр ч нэг эрчүүд шиг хор шаргүй өрсөлдөж чадахаа болиод улангасчихаж. 
 
Нутгийнхаа иргэдийнээ сонголтонд муйхараар нөлөөлөх оролдлого хийж байна. Хамгийн ичмээр нь өөрийнхөө компаны ажилтнуудыг өөрийнхөө төлөө санал өгүүлэхээр бөөн бөөнөөр нь ачаад явчихаж. Сайнаар яривал компаныхаа төлөө, муугаар яриав “хүчин” хийж байна.
 
Энэ бохир өрсөлдөөн өөрсдийнх нь ажил амьдралд нь нөлөөлөнө гэхээр ямар ч ажилтан компаныхаа төлөө шаралхаж босолгүй яахав. Тэр ч бүү хэл заланд болдог өчүүхэн тэмцээн дээр нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах шахдаг ажилтнуудад буруу байхгүй. 
 
Харин тэднийг бөөнөөр нь ачихыг командалсан захирал удирдлагууд маань үүнээс гарах үр дагаварыг дутуу тооцож өөрийн бизнес, ажилтнуудын ёс зүй, компаны засаглал, хөдөөгийн ард түмнийхээ хүсэл мөрөөдөл, үзэл бодол, үндэсний эрх ашиг, гэх мэт зүйлсийг уландаа гишгэж орхисон нь даан ч яав даа гэмээр. Энэ “аваргууд” дотор Монголын хамгийн шилдэг компаны нэг гэж ойлгож явдаг танай компаны удирдлагад байсан 2 эрхэмийн нэр цохиж яваа нь үнэхээр харамсалтай. 
 
Муу эрийн ухаан цувж ордог гэдэгчлэн царцааны нүүдэлд нөлөөлөх боломжтой цорын ганц хүн, цорын ганц боломж нь таныг юм байна гэдгийг хожимдож ойлгож , гэсэн ч үзээд алдахаар шийдэж энэхүү нуршуу захидлыг өөрт тань хаяглан бичиж сууна. Олж унших эсэхийг тэнгэр мэдтүгэй.
 
Их үд болж сонгуулийн санал өгөх хугацаа талдаа орж байгаа ч Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нарын алдааг өөртэй чинь холбож үзлээ. Та дараах зүйл дээр алдлаа. Үүнд:
 
1. Нэг дор олон хүн нүүлгэн шийлжүүлэх чадвартай цөөн хэдэн компаны нэг нь танайх. Энэ хүчийг төрийн эрхийг хууль бусаар авахад чиглүүлсэн байна.
 
2. Хөдөөгийнхөө ард түмний үзэл бодол, хүсэл мөрөөдөл, сонголтоо хийх эрхэд бүдүүлгээр халдлаа.
 
3. Компаныхаа соёл, үнэт зүйлийг улс төртэй хутгаж хаяж ажилтнууддаа ёс зүйтэй холбоотой шаардлага тавих эрхгүй болсон.
 
4. Монгол төрийн маш олон хуулийг санаатайгаар зорчих буюу цоорхойг нь мэдсээр байж зориудаар ашигласан. Манлайлагч, удирдагч хүний хувьд энэ байж боломгүй зүйл.
 
5. Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар өөртөө итгэлгүй , өөрийнхөө болон компаныхаа нэр төр хүч чадалд итгэхгүй байна. Иймд тэднийг хөөж явуулбал зохиолтой...
 
Энэхүү алдаагаа залруулахын тулд та дараах зүйлийг шуурхай авч хэрэгжүүлж гэмээ цайруулаасай хэмээн хүсч байна. Үүнд:
 
1. Өдрийн 12 цаг орчмоос уван цуван өгч эхэлсэн “царцаанууд”-ын саналыг яаралтай зогсоох үүргийг дээрэх 2 захиралдаа болон ажилтнууддаа өгөх
 
2. Х.Баттулга, Б.Чойжилсүрэн, Б.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нартай шуурхай холбоо барьж “царцаануудаараа” санал өгүүлэхгүй байх талаар уриалах, ярьж тохиролцох. Үүнийг та чадна.
 
3. Улс төр, бизнест байгаа холбоо сүлбээгээ ашиглан бүх нэр дэвшигчдэд хандан царцааны нүүдэл, сонгогчдыг бөөн бөөнөөр нь ачиж хүчээр саналыг нь өгүүлж байгаа явдлыг зогсоох талаар уриалга гаргаж сонгуульд оролцоогүй байгаа бизнесменүүдээр дэмжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна.
 
Монголын төр түвшин түмэн олон минь амар амгалан байг. Монгол мөнхөд оршиг.
 
Хүндэтгэсэн: Иргэн Д.Уламбаяр
Жич: Энэхүү захидлыг минь Ж.Оджаргалд шуурхай хүргүүлэх тал дээр байгаа боломжоороо туслаач андууд аа.
2016 оны 06-р сарын 28. 13.09 цаг