sonin.mn
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ тодорхой болгосноос гадна 13 агентлагын чиглэлд өөрчлөлт оруулахаар болж, заримыг нь бүр татан буулгаж, бусдыг нэгтгэж солихоор болжээ.
 
Хамгийн түрүүнд Тахарын албыг хэрэггүй алба хэмээн үзэж татан буулгахаар болжээ. Энэ албаны тухайд одоогоос гурван жилийн өмнө эчнээ танил дүрээрээ бусдаас бие даасан статустайгаар хэл амтайхан шиг байгуулагдаж байсан алба бол яах аргагүй Тахарын алба юм.
 
Тухайн үед байгуулагдахад нь хэрэггүй, хэтэрхий том данхайсан бүтэцтэй, бас эдийн засгийн хямрал эхэлсэн энэ цаг үед олон алба хаагчтай байх ёсгүй хэмээн үзэж “адлаж” татан буулгах тухай асуудал нэг хэсэгтээ эрчимтэй яригдаж байгаад намжсан удаатай.
 
Байгуулагдаад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байхад нь Тахарын албыг татан буулгах нь зүйтэй гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үзсэн. Хамгийн гол нь тухайн үед байсан Шинэ Засгийн газрын бүтцээр 464 орон тоо хэмнэгдэж, 13 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоог гаргасан.
 
Үүний хүрээнд зарим агентлагуудыг нэгтгэж, татан буулгах тухай ярьж байгаагийн нэг нь Тахарын алба гэсэн ч татан буулгаж чадаагүй юм. Тэгвэл энэ удаад МАН-ын Засгийн газар ч татан буулгах нь зөв зүйтэй гэж үзсэн бололтой.
 
Үнэндээ Тахарын тухай хууль нь батлагдаад гурван жил, үйл ажиллагаагаа явуулаад дөрөв дэх жил рүүгээ явж байна. харин энэ асуудлаар Тахарын албаныхан тийм ч дуртай таатай хүлээж авахгүй байгаа нь тодорхой. Дарга, алба хаагчид нь “Тахарын алба татан буухгүй, буугдах ёсгүй” гэж үзэлцсээр байгаад өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ албаа авч үлдсэн нь үнэн.
 
Тус газар нь нийт 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой Тахарын алба 600 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Тахарын албаны газрын үндсэн чиг үүрэг нь шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Энэ зорилтын хүрээнд шүүхийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, хохирогч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх болон хуульд заасан бусад чиг үүргийг гүйцэтгэдэг юм.
 
Гэрч, хохирогчийг хамгаалж чадахгүй байгаа өнөө үед Тахарын алба шиг хэрэгтэй алба байхгүй хэмээн байгуулж байсан нь ийн богинохон настай байв уу. Ямартай ч шинэ Засгийн газрын гишүүд Тахарын албыг татан буулгахыг дэмжсэн байна.
 
 
С.Баяр
Эх сурвалж: