sonin.mn
АТГ-аас иргэн Н.Энхбаярт энэ сарын 25-ны өдрийн 16.00 цагт бэлэн ирэхийг мэдэгдсэн зарлан дуудах хуудас хүргүүлжээ. Гэвч тэрбээр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирээгүй аж. 
 
Н.Энхбаярыг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа юм.
 
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй.
 
Тус газраас иргэн Н.Энхбаярт өмнө нь 2015 оны 2 дугаар сарын 26, 2016 оны 1 дүгээр сарын 18, 2016 оны 2 дугаар сарын 17, 2016 оны 2 дугаар сарын 22, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгч байжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг