sonin.mn
Өнтэй зуны өгөөж их. Тухайлбал, хур бороо ихтэй байснаас өнөө жилийн хадлан тэжээлээс эхлээд жимс ногооны ургац арвин байна гэлцэх. Агаар салхинд гарсан хүмүүс сошиалаар нэг жимс “ангуучилсан” зургаа оруулж, бусдын хорхойг хөдөлгөнө. “Хаана 6э, хаашаа явбал самар, жимс түүж болохоор байна. Ямар сайхан юм бэ, яг одоо яваад очъё” хэмээн сэтгэгдэл бичиж бусдыгаа уриалан дуудах жишээтэй. 
 
Дийлэнх нь Ойн тухай хуулийн ойн дагалт баялаг ашиглахыг хориглосон бүс газрууд байгаа юм. Мэдээж дийлэнх нь сонирхлын дагуу буюу гэр бүлийн хэрэгцээнд жимс түүж байгаа биз. Ойн тухай хуулийн зохицуулалтдаа иргэн нэг л удаа хэрэгцээндээ зориулж 10 кг жимс, 25 кг самар түүхийг зөвшөөрдөг юм байна. Гэвч тэдэнтэй зэрэгцээд самрын “нинжа” нарын амьдрал ид эхэлчихсэн байна.
 
Өдийгөөс ч эрт самар түүх нь бий. Уг нь хуш модны самар боловсрох хугацаа нь аравдугаар сарын 15-наас дараа оны тавдугаар cap гэж тооцдог. Гүйцэд боловсроогүй самар халдварт өвчин үүсгэдэг гээд эмч нар намар болгон л ярьдаг. Харамсалтай нь ЦЕГ-аас өгч байгаа мэдээллээс үзэхэд өдөрт 2-3 хүн самар түүхээр модонд авирч яваад унаж амь насаа алдаж байна. Тухайлбал, энэ сарын 15-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын VI багийн нутаг Тоомын гэх газарт 28 настай, эрэгтэй Э самар түүж яваад модноос унаж амь насаа алдсан. Мөн энэ сарын 13-нд Чингэлтэй дүүргийн XIX хороо “Яргайтын зусланд модон дээрээс хүн унаж нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад тус хороонд суух 40 настай, эрэгтэй, Б самар түүхээр модонд авирч байгаад унаж нас барсан байжээ.
 
Мөн өдөр Баянзүрх дүүргийн XX хороо Гачууртын Бурхантын аманд самар түүж явсан Баянзүрх дүүргийн XI хороонд орших суух 36 настай, эрэгтэй Ё найман метрийн өндрөөс унаж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
 
Түүхий, болц нь гүйцээгүй боргоцой мөчрөес салж унахад хүндрэлтэй байдаг тул хүмүүс модны голыг хүнд төмөр, модоор хүчтэй цохиж мөчрийг нь хугалдаг байна. Ингэснээр хуш модны гол ишийг гэмтээж байгальд сөрөг нөлөө үзүүлдэг. Хуш нь ойн усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс
хамгаалах, амьтан, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна ойд амьдардаг олон зүйл, амьтан шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг аж.
 
Болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй учраас нян, вирус, бохирын гаралтай өвчин үүсэх нөхцөлийг бий болгодог байна. Нөгөө талаар салбарын яам нь самар түүх зөвшөөрлийг маш бага үнээр олгодог. Тухайлбал, нэг кг самар түүх зөвшөөрлийг хувь хүнд 500, үйлдвэрлэлийн зориулалтаар бол 400-4000 мянган төгрөгөөр олгож байгаа. Зөвшөөрлийг ийм бага үнээр олгоод байвал хууль бус самар олборлолт буурахгүй. Нөгөө талаас ойн хамгаалагч, МХЕГ хяналтаа сайжруулах хэрэгтэй. 
 
Зөвшөөрөл олгосон газрууддаа самар түүхээр ирсэн хүмүүст хамгаалалтын бүс хэрэгсэл зүүхийг зөвлөдөг, аюулгүй байдлыг хангадаг байх хэрэгтэй. Зөвшөөрлийн бичиггэй гээд л ямар ч хамгаалах хэрэгсэлгүй хүмүүс модонд авираад унаж амь насаа алдаж байна. Хүмүүс “Хөөрхий мөнгө олох гэж яваад л амиа алдаж дээ” гэж харуусч байна. Самар олборлох хугацаа хийгээд зөвшөөрөлтэй газрын тоог нэмснээр энэ төрлийн гэмт хэрэг гарах нь ихэссэн. 
 
Самрын үнэ ч өсч, гаднын компаниуд экспортлох хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, боловсруулах тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн. Энэ нь самрын “нинжа" нараар дамжуулаад бизнес болж хөгжиж байгаагийн илрэл юм. Салбарын яам ч самар өндөр татвартай учраас төсөвт багагүй хөрөнгө мөнгө төвлөрүүлдэг гээд энэ үйл ажиллагааг өөгшүүлчихсэн. Үнэхээр төсөв хөрөнгөд нэмэр болдог юм бол түүж байгаа хүмүүсийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх цаг тулгарчээ. 
 
Мэдээж хууль бусаар самар олборлож байгаа бол хуулийн хариуцлага ногдуулна. Тухайлбал, Ойн тухай хуулийн 211.1-д ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Ер нь хууль бус аргаар самар олборлох нь олон шалтгаантай. Учир нь яамнаас бага ургацтай газарт олборлолт явуулахыг хориглоод, дунд ургацтайг хэрэглээнд, их ургацтай газар нутаг, ойг нь үйлвэрлэлийн зориулалтаар олборлож байгаа хүмүүст эзэмшүүлээд өгчихсөн. Иймд хувиараа самар олборлож байгаа хүмүүс их ургацтай талбай руу хулгайгаар орж самар түүх гэж яваад амь насаа алдах эрсдэлд орж байгаа. 
 
Түүнчлэн самрын нийт нөөцийн 40 хувийг ашиглаж үлдсэн 60 хувь нь ойн амьтдын хүнс тэжээл, байгалийн нөхөн сэргээлт болдог гэж үздэг. Гэтэл ургац тааруу жил самрыг их түүснээс ойн мэрэгч амьтад идэш тэжээлгүйдэх аюул тулгардаг гэдгийг холбогдох мэргэжилтнүүд нь хэлдэг. Өнгөрсөн хавар хоёр чингэлэг хагас боловсруулсан самрыг хууль бусаар хилээр гаргах гэж байсан хүмүүсийг баривчилж, самрыг Улаанбаатарт эргүүлэн авчирч байсан. Авчирсан даруйд нь яамнаас шуурхай хуралдаж, хэд хэдэн аж ахуйн нэгжийн дунд дуудлага худалдаа явуулсан. Нөгөө дуудлага худалдаанд оролцсон хүмүүс нь Хятадаас баахан юань оруулаад ирчихсэн самраа бушуухан гаргах гээд сандарч байсныг уншигч, үзэгчид санаж байгаа байх.
 
Нийт 133 тонн самрыг хураасан. Нэг кг самар 19500 төгрөгөөр авдаг гэж тооцвол дээрх самар гурван тэрбум гарч байгаа юм. Гэтэл хамгаалалттай талбайд лацтай байсан дээрх хоёр чингэлэг самарын лацыг хөдөлгөж, Толгойт өртөөн дээр аваачсан тухай мөн л шуугисан. Үүнд төмөр замын эрх мэдэлтнүүдийг хардаж багагүй маргаан болж шүүх цагдаагаар явахдаа тулаад сураг алдарсан билээ. Ер нь сураг дуулахад хууль бус самрын наймааг эрх мэдэлтнүүд зохион байгуулдаг гэх. Он гараад 30-40 тонн самрыг хууль бусаар гаргасан гэдгийг холбогдох эх сурвалж нь мэдээлж байгаа юм.
 
Б.Цэцэгдэлгэр 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин