sonin.mn
Цагдаа тарваган тахлаар өвчлөөгүй гэж мэдээллээ Бид аливаа зүйлийг шууд утгаар нь хүлээж авдаг. Эмч гэхээр л өвдөж болдоггүй. Багш хүн бүхнийг мэддэг байх ёстой. Цагдаа бол бүхнийг хамгаалах ёстой гэсэн байр сууринаас аливаад ханддаг.
 
Хэдхэн хоногийн өмнө “Дорнод аймгийн цагдаагийн албан хаагчаас тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуугиан дэгдээгээд амжсан. Өөрөөр хэлбэл, хууль бусаар агнасан тарвагыг иргэдээс хураан авч цагдаа нар өөрсдөө иддэг гэсэн сөрөг хандлагыг нийгэмд бий болгосон юм. Одоо ч энэ талаар жиг жуг ярьсаар байгаа.
 
Уг мэдээллийн талаар цагдаагийн байгууллагаас толруулахад “Ташаа мэдээлэл олон нийтэд цацсан байна. Бид энэ талаар залруулга хийсэн” гэх хариуг өгсөн юм. Хууль бусаар агнасан тарвагыг цагдаа нар хурааж авдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Сэжигтэй, хууль бус тохиолдол гарвал цагдаа нар илрүүлж мэргэжлийн хяналт тухайн тарвагыг шалгадаг байна. Хэрэв өвчний шинж тэмдэг илрэх юм бол цагдаа, мэргэжлийн хяналт хоёр баримтжуулан тоо, ширхгээр нь Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч устгалд оруулдаг гэнэ.
 
Дээрх ташаа мэдээлэлтэй холбогдуулан Дорнод аймгийн цагдаагийн газраас залруулга гаргажээ.
 
Үүнд: Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч М нь нойр булчирхай өвдсөн гэх байдалтай Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлэхэд “Тарваган тахал”-ын шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй гэж эмнэлэгт хөл хорио тогтоосон. Эрүүл мэнд, спортын яамны Зоонозын өвчин судлалын төвийн шинжээчийн №1075 дүгнэлтээр өвчтөнд ТАРВАГАН ТАХАЛЫН САВХАНЦАХ ИЛРЭЭГҮЙ БОЛОХЫН ТОГТООСОН БАЙНА. Болсон үйл явдалтай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарсныг албан ёсоор залруулж байна гэжээ.
 
Дашрамд дуулгахад, жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг байна. Иймд иргэд энэ өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль Бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
 
Г.Мягмарсүх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин