sonin.mn
Монголын Хуульчдын холбооны ээлжит бус их хурал хуралдаж байгаатай холбогдуулж тус холбооны Ерөнхийлөгч Д.Гүнбилэгээс хурлаар хэлэлцэх асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар тодрууллаа.
 
-Ээлжит их хурал хамгийн сүүлд хэзээ хуралдсан. Яагаад ээлжит бусаар холбоо хуралдах болов?
 
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд ээлжит их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулна гэж заасан. Өнгөрсөн жил ээлжит их хурлаа хуралдуулсан. Ээлжит бус их хурлаа хийж буй шалтгаан  бол Мэргэжлийн хариуцлагын хороо болон холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь ажиллаж байсан бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Тиймээс ирэх 3 жилд ажиллах гишүүдийнхээ сонгуулийг явуулж батламжилна. 
 
-Өнөөдрийн хуралд хэдэн төлөөлөгч оролцож байна вэ?
 
-Хуульчдын холбоо 5405 гишүүнтэй. Бүтцээрээ бол өмгөөлөгч, шүүгч, прокурор, бусад хуульч гэж хуваагддаг. Өнөөдрийн хуралд шүүгч прокурорын төлөөллөөс тус бүр 100 хүн, өмгөөллөөс 200 орчим, бусад хуульчдаас 100 хүн оролцож байна.  
 
-Тус хурлаар Удирдах зөвлөлийн болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг ямар зарчмаар сонгон шалгаруулах вэ?
 
-Холбооны бүтэц нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч гэсэн ангилалд хуваагддаг. Тухайн салбар эрх зүйн хороо болон чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг хороодууд маань цахим хэлбэрээр сонгууль явуулдаг. Тэндээсээ сонгогдож гарсан хүмүүсийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн батламжилна.
 
-Удирдах зөвлөл хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
 
-Холбооны Удирдах зөвлөл 38 хүнтэй. Сүүлийн үед холбооны гишүүдийн тоо нэмэгдэж байна. Жилд дунджаар 300 орчим шалгалтаа өгөөд холбоонд элсч байна. Тиймээс бүрэлдэхүүний хувьд дунджаар 45 орчим болгож нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа.
 
-Холбооны хувьд мөн гишүүдийн өмнө тулгамдсан асуудал юу байна вэ?
 
-Холбоо маань байгуулагдаад гурван жил болж байна. 21 аймагт ажиллаж байгаа хуульчдадаа тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй бэрхшээл байсан. 15 аймагт салбар зөвлөлөө байгуулж, салбар зохицуулагч томилоод ажиллахаар Улаанбаатар хотоос харилцах харилцаа, сургалт ёс зүй, бусад мэргэжлийн тал дээр ахиц дэвшил гарна.
 
-Хуульчидтай холбоотой ямар санал гомдол иргэдээс ирүүлдэг вэ. Хэрэв гомдол үндэслэлтэй бол хэдий хугацаагаар эрхийг нь түдгэлзүүлдэг вэ?
 
-Мэргэжлийн хариуцлагын хороо үйл ажиллагаагаа эхэлснээс хойш иргэдээс гомдол ихээр ирж байна. Шүүх дээр маргаан хянан шийдвэрлэж байгаа талуудын аль нэг нь эрхээ хангуулахад нөгөө нь гомдолтой үлддэг. Гомдож байгаа хүн “Шийдвэр нөгөө талд гарчихлаа, нөлөөлөл орчихлоо” гэх гомдол гарган Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх  Ёс зүйн хороонд ханддаг. Тэр бүрт нь судалгаа хийгээд үзэхэд нийт гомдол гаргасан хүмүүсийн 1-2 хувь нь үндэслэлтэй байх тохиолдол бий.
 
Иймээс тухайн иргэний эрхийг нь зөрчсөн, мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан байвал сануулах, эсвэл хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгох арга хэмжээ авдаг. Хуульчийн эрх зүйн гэрчилгээг нь хүчингүй болгосноор тэр хүн өмгөөлөгч, прокурор, шүүгч байхаас үл хамаарч ажиллах боломжгүй болдог.
 
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт ямар байна вэ. Цаашдаа засч сайжруулах гэдэг юм уу, ийм зүйл гарч байгаа юу?
 
-Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбоо зөвхөн хуульчдынхаа эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, нийгэмд үйлчлэх эрхтэйгээр тусгагдсан. Тухайлбал, төлбөрийн чадамжгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх  үүргийг холбоонд өгсөн. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд төр засгаас баталгаагаар хангана гэж хуульчилсан. Гэвч сүүлийн гурван жилд Засгийн газраас огт дэмжлэг үзүүлээгүй. Төсөв санхүүгээр дэмжээч ээ гэж хандсан ч үр дүн гараагүй. Ийм учраас энэ асуудлаар шинэ Засгийн газарт хандсан. Нааштайгаар шийдэж өгнө, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа төр мартах ёсгүй гэсэн байдлаар хандаж байгаа.
 
Нийгэмд үйлчлэх гэж байгаа энэ байгууллага төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа олон нийтийн байгууллагынхаа хувьд ямар нэгэн байдлаар хуулийг хамгаалж ажиллах ёстой. 2017 оноос эхлээд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг аваад эхэлбэл хуулийн зохицуулалт амьдралд хэрэгжих боломжтой болно.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг