sonin.mn
Галт зэвсэг, хүйтэн мэсээр сүрдүүлж, арав гаруй хүний биед халдсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилсаар байна. зургаан сэжигтний дөрвийг нь баривчлан саатуулсан ч үлдсэн хоёрыг нь эрэн сурвалжилсаар байгаа юм.
 
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, БНСУ-ын ЭСЯ-ны хуучин байрны хажууд “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт уг хэрэг гарсан. Шөнийн 02.00 цагийн орчимд зодолдох дуу чимээ гарч, оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулсан тул тус байрны оршин суугч орцны жижүүр болон цагдаад мэдэгджээ.
 
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаныхан болон Эрүүгийн цагдаагийн газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид газар  дээр нь очиж  10 орчим иргэнийг зодож, хутгалж гэмтээсэн бүлэг этгээдийн хоёрыг нь хэргийн газар дээр баривчилсан байна. Хэргийн газарт  А, Б нарын зургаан хүн “АК-М” маркийн буу тулган бусдыг сүрдүүлж, хутгалан 40 сая төгрөг, эд зүйлсийг дээрэмджээ.
 
Дээрмийн үеэр мэсний шарх авсан хоёр иргэнийг яаралтай түргэн тусламжийн эмч нар Цэргийн госпитальд хүргэсэн байна. Мэсний шарх авсан хоёр иргэний биеийн байдал  маш хүнд байгаа бөгөөд  хөнгөн зэргийн гэмтэлтэй иргэдээс  цагдаагийн байгууллага тайлбар, мэдүүлэг авчээ.
 
Ноцтой гэмт хэрэг гарсан таван өрөө байрыг иргэн Х гэгч хоёр сая орчим төгрөгөөр түрээсэлснээс хойш  залуус эргэлдэж, улмаар мөрийтэй тоглоом тоглодог байсныг илрүүлэн шалгаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг