sonin.mn
Авлигатай тэмцэх газар энэ сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авчээ.
 
Үүнээс 265 нь зөрчилгүй байсан бол ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 24 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
 
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга Б.Дөлгөөн, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээний албаны дарга Б.Уранчимэг нарын зэрэг 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. 
 
Мөн шиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 21 иргэний урьдчилсан мэдүүлэгт зөрчлөө арилгахыг анхааруулсан хариу өгчээ. 
 
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь ХНХЯ, Цаг уур, орчны шинжилгээний газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, ЦЕГ болон мөн боловсролын салбараас ирүүлжээ.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг