sonin.mn
ЦЕГ-аас түүхийн үнэт ховор олдвор, эд зүйл хадгалж байгаа музейн барилгуудад дохиолол хамгаалалт суурилуулахыг холбогдох төрийн болон ТББ-уудад анхааруулав.
 
Өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү сүүлийн үед гарсан онц ноцтой гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө ийнхүү анхааруулав.
 
Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ганданда чойлин хийдээс нутгийн ард түмний олон зуун жил тахин шүтэж ирсэн Хар морьт сахиус хулгайд алдагджээ. Уг сахиус нь 1700 оны үед Төвдөөс залж ирсэн түүхийн хосгүй үнэт өв юм. Цагдаагийн Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагчидтай хамтран шуурхай ажиллаж, уг гэмт хэргийг үйлдсэн А, Б нарыг баривчлан, алдагдсан эд зүйлийг гаргуулан авч, үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Тухайн сүмд камер болон дохиолол хамгаалалт байгаагүй нь хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хялбар болсон гэв.
 
Мөн тэрбээр, “Энэ сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд 7 хүн хамтран зэвсэгт дээрмийн хэрэг үйлдсэн. Дээрмийн гэмт хэргийг зохион байгуулсан 4 этгээдийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж, цагдан хорих арга хэмжээ авсан. Үлдсэн 3 хүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна" хэмээв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг